Германы хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч асан Никлас Зюле 30 насандаа зодог тайлахаар болжээ
Германы хөлбөмбөгийн шигшээ баг болон "Борусси Дортмунд" клубын хамгаалагч Никлас Зюле 30 насандаа зодог тайлахаар шийджээ.
Өнгөрсөн сард Бундес лигийн хүрээнд "Хоффенхэйм" багийн эсрэг хийсэн тоглолтод өвдгөндөө хүнд бэртэл авсан нь Никласыг замналаа өндөрлүүлэхэд хүргэсэн бололтой. 2013 оноос хойш мэргэжлийн хөлбөмбөгт зүтгэж байгаа немц эр өнгөрсөн хугацаанд өвдгөө гурав дахь удаагаа хүнд гэмтээсэн аж.
Тиймээс цаашид дахин бэртэхээс сэргийлэх үүднээс эрт замналаа орхихоор шийдсэнээ нэгэн подкастад орсон ярилцлагадаа ярьжээ.
Түүний хувьд "Борусси Дортмунд"-тай хийсэн гэрээ ирэх зургаадугаар сарын 30-ний өдөр дуусгавар болох юм.
Гэмтсэнийхээ дараа шүршүүрт ороод 10 орчим минут уйлснаа ярьсан Никлас дараагийн өдөр нь эмчид үзүүлснийхээ дараа тамирчны замналаа цаашид үргэлжлүүлэхгүй гэж шийдсэнээ дээрх подкастад оролцохдоо дурдсан байна.
Германы Фрэнкфурт хотод 1995 оны есдүгээр сард мэндэлсэн Зюле 2017 оноос 2023 он хүртэл Германы эрэгтэйчүүдийн шигшээ багт 49 тоглолтод оролцож байв.
Харин клубын хүрээнд 2013 оноос "Хоффенхэйм"-д 107, "Байерн Мюнхен"-д 114, "Борусси Дортмунд" багт 77 тоглолтод оролцжээ. Чингэхдээ Бундес лигийн аваргаар таван удаа тодорч, 2020 онд "Байерн Мюнхен" багийнхаа хамтаар Аваргуудын лигт түрүүлсэн удаатай.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
