"A Sound" хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно
Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох "A Sound" хамтлаг энэ онд 20 нас хүрч байна.
Тэртээ 2006 онд дуучин Ц.Тэмүүлэн, даралтад хөгжимчин Т.Пүрэвсүх, аргил гитарчин Д.Мөнхболд, бөмбөрчин Ю.Батпүрэв, гитарчин Б.Чойжилсүрэн нар нийлж "A Sound" хамтлагийг үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Тэд 20 жилийн ойдоо зориулж "Баяртай" амьд хөгжмийн тоглолтыг энэ сарын 16-нд "Аса арена"-д 19:00 цагаас зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан хамтлагийн гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын эхэнд Аргил гитарчин Д.Мөнхболд "Тоглолтынхоо нэр дээр олон удаа ярилцсан. "Баяртай" гэдэг нь хамгийн зөв нэр байсан болов уу. Одоо шууд нэрийнхээ утга учрыг хэлэхгүй, тоглолт дээр сүүлийн дууны өмнө хэлье.
Энэ удаагийн тоглолт дээр 5, 10, 20 жилийн өмнөөс сонссон хүмүүс ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бүх цаг үед бидний дуу хөгжмийг сонсож, концертыг үзсэн сонсогчдодоо 20 жилийн ойн баярыг хүргэж, баярлалаа гэж хэлье.
Тоглолтод Lemons, The Royal Heartaches, дуучин Тэнүүн нар зочин уран бүтээлчээр ирж оролцоно" гэлээ.
Харин дуучин Ц.Тэмүүлэн "Манай хамтлагийн 26, 27 дуу дуулагдана. Зочин хамтлагууд өөрсдийнхөө 4-5 дууг дуулах байх. Нэлээд удаан хугацаанд уулзаж, цуг тоглоогүй найз нартайгаа хамт тоглоод сайхан байна.
Дуу хөгжмийн хамгийн хүчтэй зүйл нь хүний дурсамжийг хадгалж байдаг. 10, 20 жилийн өмнө сонсож байсан дуугаа сонсохоор цаг хугацаагаар аялсан мэт болдог. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно. Бид маш сайн тоглохыг хичээнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
