Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д танилцуулахад бэлэн болоод байна.
Тэрбээр Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг томилохоор намын Удирдах зөвлөлдөө танилцуулаад байсан юм. Гэвч П.Ганзориг Засгийн газрын гишүүн болохоос татгалзаж, нэрээ татжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Өнөөдөр ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдсан. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтарч ажиллах санал ирүүлснийг манай намын Төлөөлөх зөвлөл хэлэлцээд 97 хувийн саналаар дэмжсэн.
Энэ хүрээнд ХҮН намаас тодорхой яам, сайдын хувилбарууд яригдсан. Бид 2024 онд хамтарсан Засгийн газарт орохдоо боловсрол, эрчим хүчний салбарт тодорхой бодлогуудаа оруулсан. Үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж намаас үзсэн.
Би энэ удаа Засгийн газарт орж ажиллахгүй гэдэг шийдвэр гаргасан. Боловсролын салбарыг аваад явчих чадалтай залуус манайд олон бий. Тэднийгээ дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Шадар сайдаар Т.Доржханд, Боловсролын сайдаар П.Наранбаярыг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжих болно” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!