Швед улс дахь ОХУ-ын элчин сайдын яам өчигдөр тус улсын худалдааны төлөөлөгчийн газрын хашааны үүдэнд хэн нэгэн дроноос будаг асгасан талаар Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.
“Өнгөрсөн шөнө манай агаарын орон зайд нэвтэрсэн дрон Худалдааны Төлөөлөгчийн Газрын гол хаалганы өмнө будагтай уут хаяжээ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Оросын элчин сайдын яамны аюулгүй байдлыг олон улсын хууль дүрмийн дагуу хамгаалахгүй байгаа Шведийн эрх баригчдыг энэ хэрэг явдалд буруутгажээ.
Стокхольм хотод байрладаг худалдааны төлөөлөгчийн газар нь элчин сайдын яамны харьяа байгууллага бөгөөд Шведийн зах зээлд Оросын бизнес эрхлэгчдийг нэвтрэхэд туслах үүрэгтэй юм.
“Энэ халдлага нь сүүлийн үед Швед дэх Оросын дипломат төлөөлөгчийн газрын эсрэг үйлдэгдэж, ажилтнуудын аюулгүй байдлыг алдагдуулж, эд хөрөнгийн хохирол учруулах болсон цуврал үйлдлүүдийн нэг юм” гэж элчин сайдын мэдэгдэлд өгүүлжээ.
Өнгөрсөн сард ОХУ-ын гадаад хэргийн яам Швед дэх элчин сайдын яам нь 2024 оны тавдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 15 удаа дроны халдлагад өртсөнийг мэдээлж байв.
Тухайн үед гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова эдгээрийг Шведийн эрх баригчдын зөвшөөрөлтэй хэрэгжиж буй хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүйг анхааруулсан юм.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!