Комидиан Д.Амартүвшингийн үүсгэн байгуулсан Либертари Намыг Улсын Дээд Шүүх бүртгэж авчээ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болсон юм.
Үүгээр Комидиан Д.Амартүвшингийн үүсгэн байгуулсан Либертари Нам (ЛН)-ын үүсгэн байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнэ сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөгдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэжээ.
Өмнө нь тус намыг иргэн Д.Амартүвшингийн хүсэлтээр 2023 онд анх Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хэлэлцсэн ч "“ашгийн төлөө, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулагдсан” гэж тодорхойлсон, тус намыг үүсгэн байгуулах хуралд хэдэн төлөөлөгч оролцсон нь тодорхойгүй, энэ талаар ирүүлсэн баримтууд нь зөрүүтэй, санал хураалтын дүнг баталгаажуулсан гэх Тооллогын комиссын шийдвэр ирүүлээгүй" гэх үндэслэлээр буцааж байв.
Түүнчлэн 2024 оны дөрөвдүгээр сард "хуулиар шаардсан буюу заавал байвал зохих 801 гишүүний мэдээллээ үнэн зөв, хуульд заасан хэлбэрээр ирүүлэхийг шаарддаг бөгөөд улс төрийн нам үүсгэн байгуулахаар санал нэгдсэн гэх 801 иргэн нь өөрсдийн овог нэр, хаяг, регистрийн дугаар зэрэг хуулиар шаардсан мэдээллүүдийг үнэн зөв бичгээр илэрхийлж, хүсэлтээ гаргах шаардлагатайг" сануулснаар тус намын өргөдлийг буцаасан удаатай.
ЛН нь ийнхүү Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 38 дахь улс төрийн нам болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
