Зайсангийн "Богд уул" сувиллыг зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах төв болгохоор шийджээ
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Зайсангийн аманд байрлах "Богд уул" сувиллыг засварлаж зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах болон эх, нярайн сувилал байгуулах асуудал яригджээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Элэгний гэх Ж.Хатанбаатар нараас хурааж авсан “Богд уул” сувилал буюу хуучнаар сүрьеэгийн больницийн байрыг засварлаж, хоёр сувилал байгуулна.
Сүүлийн үед зөнөгрөл гэдэг өвчин айл болгоны хаалгыг тогших гээд байгаа том асуудал болчхоод байна. Нэг, хоёр нь өвдсөн нэгнээ асарч, тухайн айлын амьжиргаа дорддог асуудлыг шийдэж олон хүнд буян болмоор байна. Зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах сувилал байгуулна.
Хоёрдугаарт сувиллын үүдний хашаа, навсгар байшинг худалдаж авах асуудлыг шийдэж, эх, нярайн сувилал байгуулна" хэмээв.
Нийслэлийн өмч хувьчлах комиссоос өнгөрсөн онд "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, "Богд уул" сувиллыг нийслэлийн өмчид буцаан авч байв.
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтсон тухай өнгөрсөн онд мэдээлж байсан ч өнөөдрийн байдлаар зөнөгрөх өвчтэй хүмүүсийг асрах сувиллыг нэмж байгуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
