Найман жилийн өмнө эхэлсэн 10 сургууль, цэцэрлэгийн барилгын ажил удааширчээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 10 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр болжээ.

Энэ тухай Нийслэлийн Боловсролын Газрын дарга Б.Амартүвшин "2026 онд нийслэлийн боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс он гарснаас хойш 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Харин 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай 33 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажлыг хурдасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, сүүлийн гурван жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу нийт 12 барилгыг ашиглалтад оруулаад байна.

Өнөөдрийн байдлаар удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө шаардлагатай байгаа" гэв.

Барьж эхэлсэн сургууль, цэцэрлэгийн бүх барилгыг 2026, 2027 онд ашиглалтад оруулж дуусгахыг өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс түүнд даалгажээ. 

Нийслэлийн боловсролын салбарт:

  • 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар
  • 2020-2024 онд 45 сургуулийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 27,658-аар
  • 2020-2024 онд 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 2,240-өөр тус тус нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод зөвхөн 2025 онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга ашиглалтад орж, нийт 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа аж.

Ташрамд дурдахад 2025 онд нийслэлийн өмчид буцааж авсан III, IV хороололд байрлах шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг 1.6, эмийн үйлдвэрийн газрыг 9.3 тэрбум, Нарны Титмийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах объектыг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаж, нийт 12.8 тэрбум төгрөгийн орлоготой болоод буй.

Дуудлага худалдаанаас олсон эдгээр орлогыг боловсролын салбарын царцсан барилгуудыг ашиглалтад оруулах, сурагчдын сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмж авах зэрэгт зарцуулна хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлж байв. Харин энэхүү шийдвэр нь бодит байдал дээр хэрэгжиж буй эсэхийг тайлагнах үүрэгтэй билээ.