Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Нарны Титмийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1,222 ам метр талбай бүхий объектыг 1.9 /1,960,014,738/тэрбум төгрөгөөр худалджээ. Харин ямар байгууллага тус объектыг худалдаж авсныг мэдээлээгүй байна.
Дуудлага худалдаанаас олсон энэхүү орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нарны Титмийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж байсан 1,222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон тул нийслэлийн өмчид буцаан авсан билээ.
Энэ онд нийслэлийн өмчид буцааж авсан III, IV хороололд байрлах шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг 1.6, эмийн үйлдвэрийн газрыг 9.3 тэрбум, Нарны Титмийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах объектыг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаж, нийт 12.8 тэрбум төгрөгийн орлоготой болоод байна.
Дуудлага худалдаанаас олсон эдгээр орлогыг боловсролын салбарт хэрхэн зарцуулснаа баримтаар олон нийтэд мэдээлэх хэрэгтэйг иргэд хэлж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!