Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулж, дуудлага худалдаанд дэнчин төлсөн гурван оролцогчоос 1.6 тэрбум төгрөгөөр “Вирео үсрэлт” ХХК худалдаж авчээ. Уг объектын дуудлага худалдааны анхны үнийг 769,377,475.50 төгрөг байв.
Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон, 198 м.кв талбайтай бөгөөд 273 м.кв эзэмшлийн талбайтай байна.
Уг 1.6 тэрбум төгрөгийн орлогоор сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэхээр болжээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байгаа аж.
Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам,метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авчээ. Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!