Рюгү астероидын дээжээс амьдралыг бүрэлдүүлэгч элементүүд илэрснийг эрдэмтэд мэдээллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нарны аймгийн дотор тэнүүчилж байдаг Рюгү астероидоос авсан дээжээс амьдрал бүрдүүлэхэд шаардлагатай бүх элементүүд илэрснийг судлаачид Даваа гарагт мэдээлжээ.

Дэлхий дээр унасан астероидууд амьдралыг бүрдүүлэхэд шаардлагатай элементүүдийг тээвэрлэн авч ирсэн гэдэг онол урт удаан хугацааны турш яригдаж байгаа.

2014 онд Японы хөөргөсөн Хаяабуса-2 сансрын хөлөг дэлхийгээс 300 сая километр зайд оршдог 900 метр өргөн хэмжээтэй Рюгү астероидын гадаргаас дээж цуглуулж байв.

Тус хөлөг тус бүр 5.4 грамм жинтэй хоёр хэсэг чулуулгийн дээжийг 2020 онд дэлхийд авч ирсэн юм.

Эдгээрээс РНХ (Рибонуклейн Хүчил)-ийг бүрдүүлдэг дөрвөн суурь элементийн нэг болох урацилыг 2023 онд илрүүлж байжээ.

Тэгвэл Даваа гарагт Nature Astronomy сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа Японы эрдэмтэд ДНХ (Дезоксирибонуклейн Хүчил), РНХ-ийн бүх нуклеотидуудыг Рюгү астероидын дээжээс илрүүлснийг зарласан байна.

Эдгээр нь урацилаас гадна аденин, гуанин, цитозин, тимин юм.

“Энэ нь Рюгү дээр амьдрал байгаа гэсэн үг биш. Харин эртний астероидууд амьдралыг үүсгэж чадах чухал молекулуудыг үүсгэж, хадгалж чаддаг болохыг харуулж байна” гэж судалгааг ахалсан Японы Далай-Дэлхий Судлалын Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэнгийн биохимич Тошики Кога тайлбарлажээ.

Мөн амьдралын суурь элементүүд нарны аймаг даяар өргөн тархсан байдаг, дэлхий дээр амьдрал үүсэхэд хувь нэмрээ оруулсан гэх таамгийг бататгаж байгааг хэлсэн байна.

Үүнээс өмнө өнгөрсөн онд НАСА-гийн Бенну нэртэй өөр нэг астероидоос авчирсан дээжийг судлахад ижил үр дүн гарсан юм.

Бас дэлхий дээр унасан астероидын хэсэг болох “Orgueil”, “Murchison” нэртэй солируудаас илрүүлж байжээ.

Японы эрдэмтэд өөр өөр сансрын чулуулгаас илрүүлсэн нуклеотидуудын суурийн хэмжээ тэдгээрийн түүхээс хамаараад өөр өөр байгааг энэ судалгаагаараа тогтоосон байна.

 

Эх сурвалж: AFP