Эрчим хүчний систем нь бүрэн зогссоны улмаас Куба улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй, харанхуй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Куба улсын эрчим хүчний систем бүрэн зогсож, 11 сая хүн амтай арал улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй, харанхуй болсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.

Тус улсын эрчим хүчний яам тасалдлын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлснээ сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

Баасан гарагт Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел тус улс сүүлийн гурван сарын турш гадаадаас ямар ч түлш шатахуун, газрын тос импортлоогүй, зөвхөн нар, байгалийн хий, дулааны цахилгаан станц дээр тогтож байгааг анхааруулж байв.

Долоо хоногийн өмнө тохиолдсон эрчим хүчний тасалдлын үеэр Куба арлын баруун хэсэг бүхэлдээ гэрэл цахилгаангүй болж байжээ.

Куба улсын эдийн засаг олон арван жилийн турш АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөөн дор оршиж байсан.

Нэгдүгээр сарын эхээр Трампын засаг захиргаа тус улсын гол холбоотон Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилж, газрын тосны нийлүүлэлтийг зогсоосноос хойш нөхцөл байдал эрчимтэй муудсан юм.

 

Эх сурвалж: Associated Press