Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэйгээр түлш шатахууны нөөцөө хэмнэхийн тулд Шри Ланка улс ажлын дөрвөн өдөрт шилжив
Ойрх Дорнодод өрнөж буй дайн эрчим хүчний хангамжийг нь тасалдуулсан тул Шри Ланка улс байгаа түлш шатахууны нөөцөө хэмнэх зорилгоор ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжжээ.
Өмнөд Азийн орнууд гэртээ хоол хийхээс эхлээд шарил чандарлах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүртэл бүх зүйлд шингэрүүлсэн байгалийн хий ашигладаг бөгөөд үүнийхээ ихэнх хэсгийг Персийн булангийн орнуудаас импортолдог. Гэтэл АНУ, Израилийн өдөөсөн Ираны эсрэг дайны улмаас Ормузын хоолой хаагдаж, байгалийн хийн нийлүүлэлт нь тасалдаад байгаа юм.
Бангладеш улс эдийн засагт нь чухал ач холбогдолтой оёдлын үйлдвэрүүдээ зогсоохгүйн тулд оюутнуудын Рамадан сарын амралтыг эрт эхлүүлж, цахилгаан хангамжийн хязгаарлалт зарлаад байна.
Эрчим хүчний эх үүсвэрийнхээ 85 хувийг Ормузын хоолойгоор дамжуулж импортолдог Пакистан улс энэ долоо хоногт сургуулиудыг онлайн хичээлд шилжүүлж, хүмүүсийг түлш шатахуун их хэмжээгээр нөөцлөхийг болиулахын тулд үнийг нь өсгөсөн юм.
Энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн Шри Ланка улсын төрийн байгууллагууд, бүх шатны сургуулиуд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжихээр болжээ.
Мөн төрийн албан хаагчдад боломжтой бол гэрээсээ ажиллахыг зөвлөсөн байна.
“Бид бас хувийн хэвшлийнхэнд энэ жишгийг дагаж, энэ долоо хоногоос эхлэн Лхагва гараг бүрийг амралтын өдөр болгохыг уриалж байна” гэж ерөнхийлөгч Анура Кумара Диссанаякегийн удирдсан шуурхай хуралдааны дараа засгийн газрын төлөөлөгч Прабат Чандракеерти сэтгүүлчдэд мэдээлжээ.
Дөрвөн жилийн өмнөх Шри Ланкын эдийн засгийн хямралыг санагдуулам дүр зураг өнгөрсөн Ням гарагаас ажиглагдаж эхэлсэн юм.
Шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсэж, жолооч нарын худалдан авалтад долоо хоногийн 15 литр бензин, дизель түлшний хязгаар тогтоосон байна.
Нийтийн тээврийн хэрэгслийн долоо хоногийн хязгаарлалтыг 200 литрээр тогтоожээ.
Албаныхан тус улс бараг зургаан долоо хоногийн түлш, шатахууны нөөцтэй байгаа ч хангамж тасалдвал ноцтой байдал үүсэхийг анхааруулсан юм.
Шингэрүүлсэн хийн хэрэглээнийхээ 60 хувийг Персийн булангийн орнуудаас авдаг Энэтхэг улсад мөн урт дараалал үүсэж, олон ресторан, хоолны газрууд хаалгаа барих, эсвэл удаан болгодог хоолоор үйлчлэхээ зогсоох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна.
Тус улсын засгийн газар Ираны засгийн газартай шууд ярилцаж тохиролцсоны үр дүнд Бямба гарагт шингэрүүлсэн хий ачсан хоёр хөлгөө Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлж чаджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
