Г.Амгаланбаатар: Амралтын өдрөөр манай театрын нүүр царайг хааж угсарсан лед дэлгэцээ зогсоохыг шаардаж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театрын урд талын нийтийн эзэмшлийн талбай дээр лед дэлгэц бүхий байгууламж суурилуулжээ.
Энэ тухай тус театрын уран бүтээлч, гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар "Өнгөрсөн амралтын өдрүүдэд манай театрын нүүр царайг хааж, том хэмжээтэй хар лед дэлгэц угсарсан байна. Сураглаж асуутал НЗДТГ-ын дарга Амгалан гэж хүний зөвшөөрлөөр уг дэлгэцийг барьж байгаа гэсэн. Гэтэл Амгалан гэдэг дарга нь ажлаа өгчихсөн юм байна.
Харин ледийг угсарч байгаа хүмүүс "Бид угсрах үүрэгтэй, ажлаа хийж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Уг асуудлыг зогсоож, бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол Драмын театрын уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид дараагийн арга хэмжээний хэлбэрт шилжинэ" хэмээв.
Энэ оны нэгдүгээр сард НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс "Нийслэлийн хэмжээнд нийт гадна хаяг, зар сурталчилгааны зөвшөөрөлтэй 496, зөвшөөрөлгүй 250 хаягийн байгууламж байдаг. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, самбаруудыг албадан буулгах ажлыг эхлүүлнэ" гэж мэдээлж байсан ч нэмж барьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
