Б.Бямбасайхан: Толгойт, Сэлбэ гол дагуух хэсгүүд болон Дэнжийн мянгад халиа, тошингийн эрсдэл ихтэй байна
Нийслэл хотод халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа гэнэ.
Энэ тухай Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Б.Бямбасайхан “Энэ жил халиа тошингийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад их байна. Өнгөрсөн жилээс харьцангуй дулаан өвөл болсон тул булаг шанд, гол дагасан байршлуудад халиа тошин ихээр үүсэж, шар усны хэмжээ нэмэгдсэн. Иймд нөхцөл байдалтай холбогдуулан авто замын доогуурх гаргууруудыг чөлөөлөх, авто зам дээр ус халихаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа.
Одоогоор Толгойтын гол, Сэлбэ гол дагуух хэсгүүд, мөн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг зэрэг газрууд эрсдэл өндөртэй байршлуудад багтаж байна.
Өдөртөө агаарын температур нэмэх хэмд хүрч, шөнөдөө хасах хэмд орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Үүнээс шалтгаалан шөнийн цагаар авто замын доогуурх гаргуурууд хөлдөж, усаа бүрэн гаргаж чадахгүйгээс ус зам дээгүүр халих, мөн гол дагуух байршилд оршин суугаа айл өрхүүд рүү орох эрсдэл үүсэж байна.
Бидний зүгээс голын болон шар усны үер зэрэг давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломжийн хүрээнд авч хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.
Халиа тошин, шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй буюу голын эрэг дагуу суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
