Г.Мөнхбаатар: Газар чөлөөлөх явцад төсөв, шүүхийн маргаан, албадан чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод энэ онд 153 төсөл, арга хэмжээний хүрээнд батлагдсан зураг, төсөвтэй 8,664 нэгж талбарт газар чөлөөлөх ажлууд үргэлжилж байна гэж Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас өнөөдөр мэдээлэв.

Тус газраас мэдээлснээр дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах 9 төсөл арга хэмжээгээр 1,493 нэгж талбар чөлөөлнө.

Авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний 68 төсөл арга хэмжээгээр 5,674 нэгж талбар чөлөөлнө. Үүнээс 3,029 нэгж талбар нь Тойрог замын газар чөлөөлөлт.

Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн 76 төсөл, арга хэмжээгээр 1,497 нэгж талбар чөлөөлөх аж.

"Газар чөлөөлөх явцад хуулийн хэрэгжилт болон хөрөнгө оруулалт, төсвийн асуудал, газар, үл хөдлөх эд хөрөнгийн шүүхийн маргаан, газар албадан чөлөөлөх, газар чөлөөлөх ажлын явцыг эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага хамгийн их тулгамдаж байна. Газар чөлөөлөлтийн дэд систем, мэдээллийн хяналтын самбар буюу Dashboard хийх шаардлагатай байгаа"-г Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга Г.Мөнхбаатар дурдав.

Нийслэлийн хэмжээнд дэд төв, гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд:

  • Сэлбэ дэд төвд 2,206 нэгж талбараас 2,095 нэгж талбар
  • Ханын материал орон сууцжуулах төсөлд 213 нэгж талбараас 210 нэгж талбар
  • Баянбүрдэд 85 нэгж талбараас 65 нэгж талбар
  • “Улаанбаатар арена” төслийн хүрээнд 15 нэгж талбар чөлөөлөхөөс 8 нэгж талбар
  • Газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн он дамжин хэрэгжиж буй нийт 2,519 нэгж талбараас 2,378 нэгж талбар

Авто зам, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн хүрээнд:

  • Туулын хурдны замын газар чөлөөлөлтөөр 38 нэгж талбар
  • Ариутгах татуургын Туул-1 коллектор ажилд 51 нэгж талбар
  • Баянзүрх дүүргийн 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөл 4 км авто зам барих ажилд 165 нэгж талбар чөлөөлөхөөс 132 нэгж талбар
  • Сүхбаатар дүүргийн 23 дугаар хороо, Оргил төслийн дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугамын ажилд 59 нэгж талбар чөлөөлөхөөс 53 нэгж талбар

Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хүрээнд:

  • Гандангийн жишиг гудамж, тохижилт бүтээн байгуулалтын ажилд 36 айлын газар
  • Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд 158 нэгж талбараас 121 нэгж талбар
  • Гал унтраах, аврах анги байгуулах ажилд 41 нэгж талбараас 34 нэгж талбарыг тус тус чөлөөлжээ.