Нийслэл хотод 4,729 га газрыг нөхөн олговор өгч чөлөөлөх байршлуудыг зарлав
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөхөд 200 тэрбум төгрөгийг нөхөн олговорт зарцуулахаар батлаад буй.
Шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн байгууламж, дулааны шугам, дэд станц, үерийн хамгаалалтын байгууламж, инженерийн шугамын ажлуудын хүрээнд газар чөлөөлөх аж.
Мөн он дамжин хэрэгжиж буй авто зам, инженерийн шугам сүлжээний төслүүдийн хүрээнд 24 байршилд газар чөлөөлөлт үргэлжлэх бөгөөд 2025-2026 он дамжин 1,330 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 2025 онд 655 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 675 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.
- Улаанбаатар метро төслийн хүрээнд 90 нэгж талбарт
- Туулын хурдны зам төслийн хүрээнд 112 нэгж талбарт
- Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлнө.
- ДЦС-5 төслийн хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарыг чөлөөлсөн бол энэ онд 6 нэгж талбарыг чөлөөлнө.
Дэд төвүүдийн газар чөлөөлөх байршлууд:
- Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянхошуу дэд төвд 165 га талбайд 2,164 нэгж талбарт
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа дэд төвд 59 га талбайд 810 нэгж талбарт
- Баянзүрх дүүргийн 10, 17, 19, 24, 34 дүгээр хороо Шархад дэд төвд 536 га талбайд 5,910 нэгж талбарт
- Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Ханын материал орчмыг орон сууцжуулах ажлын хүрээнд 213 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 3 нэгж талбарт газар чөлөөлнө.
- Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлын хүрээнд 202 нэгж талбарыг чөлөөлөхөөс 165 нэгж талбарыг чөлөөлсөн, газар чөлөөлөлт үргэлжилж байна.
- Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Сэлбэ дэд төв гэр хорооллыг дахин барилгажуулах төслийн хүрээнд 358 нэгж талбарт
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд ногоон байгууламж, авто зогсоол зэргийг барихад 7.1 га талбайд 110 нэгж талбарыг тус тус чөлөөлөхөөр болжээ.
Нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж барих газрыг чөлөөлөх байршлууд:
- Баянгол дүүргийн 16 дугаар хороонд Гандангийн жишиг гудамж тохижилт бүтээн байгуулалтын ажилд 55 айлын газар чөлөөлнө.
- Ариутгах татуургын Туул-1 коллекторын ажлын хүрээнд 76 нэгж талбарыг чөлөөлнө. Үүнээс 26 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 53 нэгж талбарыг чөлөөлнө.
- Дамбадаржаа дэд станцын ажлын хүрээнд энэ онд 10 нэгж талбарт газар чөлөөлнө.
- Явган зам болон дугуйн замын тохижилтын ажлын хүрээнд 30 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 22 нэгж талбарыг чөлөөлсөн. Энэ онд 8 нэгж талбарт газар чөлөөлнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
