Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хотын дарга Х.Нямбаатарыг хоёр цаг гаруй гудамж, замаар алхуулж, автобусанд суулгав

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцав.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа хэллээ.

Иргэн: Харааны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангахгүй байна. Гарцан дээр дуут дохио, зам байх хэрэгтэй. 

Иргэн: Хотын төв хэсгээр явган хүний зам асуудалтай байна. Автобусны зогсоолын карман зогсоолыг тэгшилсэн нь сайн хэрэг. Явган хүний замыг тавьж байгаа гүйцэтгэгч компаниуд стандартыг баримталмаар санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хаана бүдэрч унах бол гэж айж явдаг. Замын уулзваруудын хэсэг хамгийн аймшигтай.

Сэлбэ дэд төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жишиг зам тавьж өгөх саналыг хэлье.

Иргэн: Нийтийн эзэмшлийн замыг гялгар хавтангаар хийсэн байдаг. Өвлийн улиралд Чингэлтэй дүүргийн нийтийн эзэмшлийн талбай халтиргаа ихтэй байдгаас гарч явж чаддаггүй. Энгийн иргэд ч халтирч унаж бэртэж гэмтдэг.

Иргэн: Шинээр явган хүний зам тавьж байгаа нь сайн хэрэг ч зарим хэсэгт өмнө нь байсан налууг алга болгосон байна. Гүйцэтгэгч компаниуд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл Сити тауэрийн орчимд стандартын бус ч гэсэн налуутай байсан юм. Шинэ зам тавихдаа авчихсан байна. Налуу хэсэггүй болохоор хүн гуйдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн автобусаар явахад хэцүү. Зөвхөн төвийн шугамаар явдаг. Таксигаар байнга явахаар төлбөр нь өндөр. Нийтийн тээврийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

Иргэн: Орон сууцны барилга болон нийтийн бие засах газарт тэргэнцэртэй хүн орох стандартыг хэрэгжүүлмээр байна. 

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 2019 онд байгуулагдсан. Гэтэл одоог хүртэл барилгыг хүлээж аваагүй. Үүнээс шалтгаалж дараагийн ажлуудыг хийхэд хүндрэлтэй байна. Энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсэж байна. 

Протезийн үйлдвэр шинэ газар дээрээ барилга барих гээд хүсэлт гаргасан ч шийдэгдээгүй байна.

Иргэн: Багшийн дээдийн нүхэн гарцны хажууд байсан ТҮЦ-ийг найман хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг байв. Гэрийн боорцог, хэрчсэн гурил хийж зардаг байсан юм. Гэтэл нураагаад хогийн цэг дээр аваачиж хаялаа. Сүхбаатар дүүргийн албаны хүмүүс шөнийн цагаар ирж, барааг нь гудамжинд цацаад нурааж ачаад явсан байсан. Найман хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьжиргаагаа залгуулж байхад яагаад судалж үзэхгүй ингэж байгаа юм бэ.

ФОТО /2025.06.17/

Хотын дарга Х.Нямбаатар “Аяны хүрээнд хоёр цаг гаруй нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, нийтийн унаа, барилга, байшингуудын орц, гарцаар тэргэнцэртэй иргэн түрж явсны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа.

Жишээлбэл Багшийн дээдийн нүхэн гарцаар тэргэнцэртэй иргэн зорчиход хүндрэлтэй байна. Зарим хэсэгт явган хүний зам болон авто замын огтлолцол нь өндөр, намын зөрүүтэйгээс зорчиход саад учруулж байна. Тиймээс нийслэлийн зүгээс одоогийн бодлого, төлөвлөлттэйгөө эдгээр ажлыг уялдуулж явган хүний замыг нэг стандарттай болгох, үйлчилгээний газруудын орц, гарцыг чанаржуулахад анхаарна.

Мөн нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндрэл, саадгүй зорчуулахад чиглэл өгөөд зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтарч жолооч нарыг сургалтад хамруулах, шторк, мэдээлэл түгээх зэрэг ажлыг эрчимжүүлнэ.

Бид эхний ээлжид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр Багшийн дээдийн нүхэн гарцыг иж бүрэн шинэчилнэ. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үе шаттай зохион байгуулна” гэв. 

“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд эхний ээлжид нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан номыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хүний эрхийг хангах чиглэлээр гаргаж боловсруулсныг УИХ-ын гишүүн О.Саранчулуун хотын даргад өгсөн юм.