• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

ЭРЭМБЭ: "Монголчуудын ажиллах хүчний бүтээмж 69 улсын иргэдийнхээс 68 дугаарт дурдагдав"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2025 болон Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулахаар "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Монгол Улс 2025 онд дэлхийн 69 улсаас өрсөлдөх чадвараар 65-д эрэмбэлэгдээд байна. Энэ тайлан нийт 300 гаруй үзүүлэлттэй аж. 

Үзүүлэлт тус бүрд Монгол Улс хэддүгээрт эрэмбэлэгдсэн мэдээллийг Судлаач Ч.Ганбат дараах байдлаар танилцуулсныг хүргэе. 



Тэрбээр "Монгол Улс бизнес, дэд бүтцийн хувьд ямар давуу болон сул талтай вэ гэдгийг 69 улстай харьцуулсан үр дүн гарсан байна. 

2025 онд эдийн засгийн өсөлтийн хувиар 69 улсаас долдугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин урт хугацааны ажилгүйдлээрээ нэгдүгээрт оржээ. 

Эдийн засгийн сул тал нь "Экспортын төвлөрөл хэт их" байгаатай холбоотой буюу үзүүлэлт 69 дүгээрт хамгийн сүүлд орсон. 

Засаглалын үр ашгийн хувьд улсын төсвийн ашиг, алдагдал буюу ДНБ-д эзлэх хувиараа есдүгээрт оржээ. 

Сул талын тухайд төрийн өмчит ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаанд заналхийлдэг эсэх санал асуулга буюу Монголын бизнес эрхлэгчдээс авсан онооны үр дүнгээр 69 улсаас 69 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагааны хувьд удирдах албан тушаалтай эмэгтэйчүүд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж гэсэн үзүүлэлтүүдээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Мөн ажиллах хүчний бүтээмжээр 69 улсаас 68 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Харилцаа холбооны салбарт хийсэн хөрөнгө оруулалт, ДНБ-д эзлэх хувиараа тавдугаарт, боловсролын зэрэгтэй эмэгтэйчүүд буюу 24-65 насны эмэгтэйчүүдэд эзлэх хувиараа 26 дугаарт гэсэн давуу талтай байна.

Харин сул тал нь төр, хувийн хэвшлийн түншлэл 69 улсаас хамгийн сүүлд оржээ. Амьдралын чанар 69 улсаас 68 дугаарт тус бүр эрэмбэлэгдсэн байна" гэв. 

Монгол Улсад 2025 онд тулгарч болох таван эрсдэлийг тодорхойлсон талаар нэмж мэдээлэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
  1. Монгол Улс уул уурхайгаас хэт хамааралтай. Мөн түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт өртөмтгий байх эрсдэл хүлээж байна.
  2. Дотоодын мөнгөний бодлогын тэлэлт болон дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй инфляц өндөр байх эрсдэлтэй.
  3. Татварын ачаалал болон төрийн хэт оролцооноос болж бизнесийн орчин муудах эрсдэлтэй гэж үзжээ.
  4. Боловсролтой чадварлаг залуус гадагш гарч ажил эрхлэх нь дотоодын зах зээлд мэргэжилтэн ажилтнуудын хомсдол үүсэх эрсдэл байна. 
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд хэт өртөмтгий байх эрсдэл байгааг нэрлэжээ.