• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварыг судлахад СҮҮЛЭЭСЭЭ ДӨРӨВТ оржээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2025”-г өнөөдөр танилцууллаа. 

Жил бүр гаргадаг тус судалгаанд дэлхийн 69 улсыг хамруулснаас Монгол Улс 65 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 

Энэ жил манай улсын хойно

  • Нигер
  • Намиби
  • Венесуэл зэрэг улс оржээ.

Харин өнгөрсөн жил өрсөлдөх чадвараараа бидний ард орж явсан Перу, Аргентин, Бразил болон Африкийн Гана улс 2025 оны тайланд дурдсанаар манай улсын урд эрэмбэлэгджээ. 

Дэлхийн 69 улсыг хамруулсан дээрх судалгааны үр дүн ба "Монгол Улсын үзүүлэлт"-ийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг дараах мэдээллийг хүргэв. 



Энэ жилийн судалгааны тайланд Намиби улс шинээр орж ирсэн гэж үзвэл Монгол 65 дугаарт эрэмбэлэгдсэн дүр зурагтай. 

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаанд Монгол Улс 10 жилийн турш хамрагдаж байна. Үүнээс харахад 2016-2018 онд манай улсын өрсөлдөх чадварын оноо өсөлттэй байжээ. 

2018 оноос ерөнхий оноо маань жил тутам тодорхой хэмжээнд буурсан.

  • Ази, Номхон далайн бүс нутгийн 14 улстай харьцуулахад хамгийн сүүлд буюу 14 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа.
  • 20 саяас доош хүн амтай 37 улстай харьцуулахад Монгол 36-д буюу зөвхөн Намиби улсын дээр өрсөлдөх чадвараараа эрэмбэлэгдэж байгаа.

Монгол Улс эрэмбээрээ ухарч байгаа ч онооны хувьд өсөх тохиолдлууд өмнө нь гарч байсан. Харин 2025 онд оноо өссөн ийм дүр зураг хараахан харагдаагүйг хэлж байв. 

Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадвараар сүүл мушгисан дээрх үнэлгээний тухай Судлаач Ч.Ганбат дараах мэдээллийг танилцуулав. 



Монгол Улс 2025 онд дэлхийн 69 улсаас өрсөлдөх чадвараар 65-д эрэмбэлэгдээд байна. Энэ тайлан нийт 300 гаруй үзүүлэлттэй. 

Үүнээс 2024 оны 170 статистик үзүүлэлт байгаа. Мөн 92 санал асуулга буюу тухайн улсын томоохон бизнес эрхлэгчдийн удирдлагуудаас авсан санал асуулга 2025 оны нэгдүгээр улиралд авагдсан.

Санал асуулгын 2024 оны статистик, 2025 оны бизнес эрхлэгчдийн санал асуулгын үр дүнг нэгтгэж гаргасан эрэмбэ гэсэн үг.

Монгол Улс 2025 онд өмнөх жилээс -5.39 оноогоор оноо буурч, дөрвөн эрэмбэ ухарсан байгаа. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?

  • Эдийн засгийн тамир тэнхээ
  • Засаглалын үр ашиг
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа
  • Дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн бүх оноо нь буурчээ. Эрэмбийн хувьд бүгд ухарсан гэсэн үг. 

Тухайлбал эдийн засгийн тамир тэнхээгээр өнгөрсөн жил 42 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол одоо 55 дугаарт буюу 13 эрэмбээр ухарсан. 

  • Засаглалын үр ашгийн хувьд долоон эрэмбэ
  • Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гурван эрэмбэ
  • Дэд бүтцийн хувьд хоёр эрэмбээр тус тус ухарсан байна.

Үндсэн дөрвөн бүлгээс хамгийн ихээр оноо нь буурсан бүлэг бол “Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа” бөгөөд 3.76 оноогоор буурчээ.

Харин эдийн засаг 1.5 оноо, засаглалын үр ашиг 2.5 оноо, дэд бүтэц нэг оноогоор ухрав. 

Үндсэн дөрвөн бүлгийн нэг бүлэг нь л дотроо таван дэд бүлэгт хуваагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт 20 дэд бүлэгт хуваагдаж байна. Эдгээр бүлгийг задалж үзвэл: 

Эдийн засгийн тамир тэнхээ бүлэг дэх "Олон улсын худалдаа" гэсэн дэд бүлэг өнгөрсөн жил 67 улсаас 51-т эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 69 улсаас 68 дугаарт буюу 17 байраар ухарсан үр дүнтэй. 

Харин засаглалын үр ашиг бүлэг нь долоон байраар ухрахад бизнесийн эрх зүй, нийгмийн тогтвортой байдал гэсэн бүлэг тус бүр 10 байраар ухарсан нь гол нөлөөг үзүүлжээ.

Дэд бүтцийн хувьд "Технологийн дэд бүтэц" гэсэн бүлэг есөн байраар ухарсан нь Монгол Улсын өрсөлдөх чадвар буурахад голлон нөлөөлснийг Судлаач Ч.Ганбат танилцууллаа.