Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Курск мужийн сэргээн босголтод ажиллуулахаар Умард Солонгос олон мянган цэргээ илгээхээр болсныг Шойгу мэдээлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Умард Солонгост айлчилсан ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Сергей Шойгу холбоотон нь Курск мужийн сэргээн босголтод ажиллуулахаар хэдэн мянган цэргийн алба хаагчаа илгээхээр болсныг өчигдөр мэдээлжээ.

“Эзлэн түрэмгийлэгчдийн (Украины арми) сүйтгэсэн дэд бүтцийн байгууламжуудыг сэргээн босгох ажилд туслуулахаар 1,000 сапёр, 5,000 барилгын цэрэг илгээхээр болсон” гэж Шойгу ярьсныг ТАСС агентлаг уламжилсан байна.

Мөн хоёр улсын эрх баригчид Оросын газар нутгийг чөлөөлөх тулаанд амь үрэгдсэн солонгос цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөө цогцолбор босгохоор тохиролцсон талаар тэр мэдээлжээ.

“Оросын талын оролцоотойгоор Пёнян хотод музей бүхий дурсгалын цогцолбор байгуулах талаар айлчлалын үеэр ярилцсан” гэж Шойгу хэлснийг дээрх мэдээнд дурдсан байна.

2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украины нутаг дэвсгэрт халдан довтолсноос хойш Москвагийн эрх баригчдын хамгийн ойрын холбоотнуудын нэг Умард Солонгос болоод байгаа.

Өнгөрсөн хугацаанд Пёняны дэглэм Украины эсрэг дайнд ашиглах зэр зэвсэг нийлүүлж байснаас гадна цэргийн хүчээ Курск мужийг чөлөөлөх тулаанд илгээж байв.

Өмнө нь ОХУ-ын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сергей Шойгу энэ сарын дөрөвний өдөр ерөнхийлөгч Путиний тусгай томилолтоор Пёнянд айлчлахдаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон бусад албаны хүмүүстэй уулзсан юм.

Тэр бас энэ оны гуравдугаар сард Пёнянд айлчилж байв.

Сүүлийн айлчлалаа өнгөрсөн онд хоёр улсын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хурдасгах зорилготой байсныг Шойгу тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP