• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Бусдыг аюултай байдалд оруулахгүйн тулд Трампын унагасан цааснуудыг цуглуулснаа Британийн ерөнхий сайд тайлбарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Канадад болсон Их Долоогийн бүлгийн уулзалтын үеэр АНУ, Их Британи улсуудын удирдагчид худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулсан юм.

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү гэрээний бичиг баримтуудыг барьж явахдаа алдаж, газарт унагажээ. Энэ үеэр Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер унагасан цааснуудыг яаран цуглуулж байгаа нь хэвлэлүүдийн дуранд өртсөн юм.

Сүүлд тэр яагаад ингэх болсон талаараа талаараа сэтгүүлчдэд тодруулга өгчээ.

“Унагасан бичиг цааснуудыг цуглуулж авахаас өөр сонголт надад байгаагүй. Учир нь ерөнхийлөгчийн биед хэн ойртож болох талаар нэлээд хатуу дүрэм журам байдаг. Хэрвээ та нарын нэг нь туслахаар яаран очсон бол сайн зүйл болохгүйг би маш сайн мэдэж байсан. Ерөнхийлөгчийн эргэн тойронд маш чанга хамгаалалт байдаг” гэж Стармер тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл тэр хэн нэгэн аюултай байдалд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд түрүүлж хөдөлснөө хэлжээ.

Тухайн өдөр Трамп бичиг цаас алдаж унагаснаас гадна худалдааны гэрээг Их Британитай биш, Европын Холбоотой байгуулсан хэмээн алдаж хэлсэн юм.

Тиймээс Трампын эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаа эсэхийг асуухад Стармер “Үгүй. Тэр өчигдөр маш сайн байсан. Их Долоогийн чуулганы хүрээнд бид хэчнээн хуралд оролцсоныг ч би санахгүй байна” гэж хариулжээ.

Даваа гарагт гэрээ байгуулахаасаа өмнө Трамп хэвлэлийн хурлын үеэр Стармерыг магтаж байв.

Трамп яагаад өөрийг нь ингэж их таалах болсныг асуухад “Энэ бол түүнээс асуух ёстой асуулт байна. Гэхдээ бидний харилцаа сайн байдаг нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж би бодож байна. АНУ, Их Британи улсууд батлан хамгаалах, аюулгүй байдал, тагнуулын мэдээлэл солилцох гэх мэт чиглэлд олон жилийн турш ойр дотно харилцаатай байсаар ирсэн. Хэдийгээр бид улс төрийн хувьд өөр өөр үзэл баримтлалтай ч ийм сайн харилцаатай байгаад би баяртай байна” гэж Стармер хэлжээ.

 

 

Эх сурвалж: The Guardian