Оросын эдийн засгийн үзүүлэлтүүд яагаад хүлээлтээс доогуур байгааг тайлбарлахыг Путин албан тушаалтнуудаасаа шаардав
Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орных нь эдийн засгийн үзүүлэлтүүд яагаад хүлээлтээс доогуур байгааг тайлбарлахыг засгийн газар болон төв банкнаасаа шаардсан байна.
Энэ нь түүний хувьд нэг сарын дотор хоёр дахь удаагаа олон нийтийн өмнө эдийн засгийн сулралын талаар ярьсан тохиолдол болж байна.
Тус улсын эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр оны эхний хоёр сарын хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувиар буурсан юм.
Оросын Шинжлэх Ухааны Академийн эдийн засгийн таамаглалын хүрээлэн 1.5 хувиар, Төв Банк 1.6 хувиар буурах тооцоог өмнө нь гаргаж байжээ.
Эдийн засгийн хөгжлийн яам энэ бууралтыг улирлын нөлөөтэй холбож, тухайлбал нэгдүгээр сарын ажлын өдөр хоёроор, хоёрдугаар сарынх нэгээр цөөн байсан гэж тайлбарласан юм.
Үүнийг тооцвол нэгдүгээр сард өсөлт гараагүй, хоёрдугаар сард 0.3 хувийн өсөлт гарсан гэж яам дүгнэжээ.
Гэвч Путин уг тайлбарыг хангалтгүй гэж үзсэн байна.
“Эдгээр нь мэдээж объектив нөхцөл байдал боловч улс орны бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тодорхойлдог цорын ганц хүчин зүйл биш” гэж хэлсэн Путин үйлдвэрлэл, барилгын салбарын бууралтыг онцолжээ.
Албан ёсны статистик мэдээллээр бол барилгын салбар огцом агшиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэгдүгээр сард 16 хувь, хоёрдугаар сард 14 хувиар буурсан байна.
Оны эхний улиралд Оросын холбооны төсвийн алдагдлын хэмжээ бүтэн жилийнхээ төсөөллөөс давсныг өнгөрсөн долоо хоногт сангийн яам мэдээлж байсан.
Үүнд газрын тос, байгалийн хийн орлого 45 хувиар буурч, төсвийн зардал 17 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Ираны дайнтай холбоотой дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн ч энэ нь Оросын эдийн засагт удаан хугацаанд ашигтай байхгүй гэж судлаачид үзэж байгаа.
Оросын эдийн засгийн гол өсөлт Украины дайнтай холбоотойгоор батлан хамгаалах салбарт ногдож байгаа ч энэ нь иргэний салбарын нөөцийг шавхах муу үр дагавартай гэж үзэж байна.
Украины дайныг зогсоох нь эдийн засагт хамгийн том түлхэц өгөх ч нэгэнт бий болсон бүтцийн ноцтой асуудлуудыг шийдэж чадахгүйг судлаачид анхааруулжээ.
“Энэ нь төрд итгэх бизнесийн итгэлийг сэргээж, доройтсон институциудыг дайнд хөтлөгдсөн эдийн засгаас бүтээмжид төвлөрсөн эдийн засаг руу шилжүүлж чадахгүй. Нэг үгээр хэлбэл явсан бүхэн буцаж ирэхгүй” гэж Харвардын Их сургуулийн Дэвис Төвийн судлаач Андрей Яковлев хэлжээ.
Эх сурвалж: Интерфакс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
