Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхийн багш нарын зөвлөгөөн дээр "хуурай агсам" тавив

А.Ням-Өлзий, iKon.mn
2026 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл доор түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн төрийн ордонд боллоо. 

Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцэв.

Зөвлөгөөнийг нээж төрийн тэргүүн үг хэлсэн. Тэрбээр нээлтийн үг хэлэхийн зэрэгцээ өөрийн санаачлан УИХ-д өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар байр сууриа илэрхийлэв. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт энэ Пүрэв гарагт болно. Одоогоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүний 25 нь, ХҮН намын гишүүд, Үндэсний эвслийн гишүүд болон олонхын бүлгийн 68 гишүүний цөөнгүй хувь нь энэхүү хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна. 

Тэрбээр "Монголын төр хүчирхэг байх ёстой. Хүчирхэг байхын тулд сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хүчин чадал УИХ-ын хурлаасаа эхлэх ёстой. УИХ хариуцлагатай, ёс зүйтэй, эрхэм хүндэт гишүүдтэй байх ёстой. Манай ард түмний сор болсон аавын хөвгүүд, ээжийн охид төрийнхөө ордонд сууж, төрийнхөө үйл хэргийг хөтлөн явуулах ёстой. Түүнээс биш парламентад хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс үүрээ засдаг газар байж болохгүй. 

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн өргөн барьсан. Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт оршдог. Өнөөдөр монголд хэн ч хаан болохгүй. Ёс зүй, сахилгын асуудлыг л төрийн тэргүүн тавьж байна. Хэн нэг хүнийг би хэлмэгдүүлэх гээгүй. Хэн нэгнийг шийтгэх гээгүй. Монголын төр цэвэр ариун байгаасай гэж энэ асуудлыг тавьж байгаа юм. Миний Ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж өөрийгөө нэр дэвшүүлэхгүй. Надад тийм бодол санаа байхгүй. 

Энэ УИХ үнэхээр ард түмнээс эхтэй юм бол төрийн тэргүүний өргөн барьсан, ард түмний хүсэмжилж байгаа хуулийг хэлэлцэж батлах ёстой. Эс тэгвээс ард түмнийхээ эсрэг нулимж байгаатай адилхан гэж ойлгож болно. 

Энэ хуулийг хэзээ батлах хүртэл нь төрийн тэргүүн хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон аргууд байгаа" хэмээсэн юм.