"Төв талбайд маргааш нээгдэх хоолны өдөрлөгт Орос, Казахстан, Азербайжан улсаас тогооч нар урилгаар оролцоно"
2013 оноос эхлэн зохион байгуулж буй Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB Food Festival" маргааш төв талбайн асарт 13:00 цагаас нээгдэнэ. Өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн салбарын 30 рестораны тогооч оролцож, 18 улсын үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх юм байна.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас тодруулснаар өдөрлөгийн үеэр ресторануудын хоолны дундаж үнэ 15,000 төгрөг байх юм байна. Зарим хоолны тухайлбал шорлогийн үнэ үүнээс илүү байх аж. Үйлчлүүлсэн иргэдэд ресторанууд Ибаримт өгөх ёстой байна.
Нэр бүхий сүлжээ, олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 30 ресторан өдөрлөгт оролцож Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилнэ. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдалд Нийслэлийн Эрүүл мэндийн Газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар өдөр бүр хяналт тавих юм байна.
Харин Ресторан, зоогийн холбооны урилгаар энэ жилийн өдөрлөгт ОХУ, Казахстан, Азербайжан улсаас тогооч нар ирж үндэсний хоолоо хийж, борлуулахаар болжээ.
Төв талбай дахь 4,000 хүний багтаамжтай асарт есөн өдөр үйл ажиллагаа явуулах эдгээр ресторан түрээсийн үнэ төлөхгүй, цахилгаан эрчим хүч, хогны мөнгөө өөрсдөө хариуцах зохицуулалттай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
