Энэ онд Улаанбаатар хотод аялал, жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал дөрөвдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд “UB food” фестивалийг зохион байгуулахаар 4,000 гаруй хүний багтаамжтай асрыг төв талбайд барьж байгаа аж.
“UB food” олон улсын хоолны өдөрлөгийн үеэр уух зүйлсийн худалдаа зохион байгуулагдах бол урлаг, соёлын нэр бүхий хамтлаг, уран бүтээлчид тоглолтоо толилуулах юм байна. Өдөрлөгийн арга хэмжээ өдөр бүр 12:00-21:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Хоолны өдөрлөгийн талаар хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотод аялал жуулчлалын гол улирал 6, 7 дугаар сар байдаг ч 4, 5, 8, 9 дүгээр сард аялал жуулчлалыг татах арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал ирэх долоо хоногт дөрөвдүгээр сарын 8-ны Мягмар гарагаас эхлэн 14-ний өдрүүдэд “UB food” фестиваль олон улсын хоолны өдөрлөгийг зохион байгуулахаар төв талбайд 4,000 хүний багтаамжтай том асрыг барьж байгаа юм. Асар дотор Узбек улсын үндэсний хоол, монгол уламжлалт гурилтай шөл бусад хоолоор нийслэлчүүдэд болон ажлаар, аялал жуулчлалаар ирсэн хүмүүст үйлчилнэ. Узбекистан улсын Ташкент хотын мастер тогооч нар өдөр бүр 12:30 цагт 2-3 тонн узбек плов үйлдвэрлэж гаргана. Үүнээс гадна самса, лагма, шашлык зэрэг олон төрлийн хоолыг хийж үйлчлэх юм. Иргэд асарт орж узбек хоолоор үйлчлүүлэх бол 5,000 төгрөгийн төлбөр төлж хүссэнээрээ амтлах боломжтой.
Асраас хоолоо авчхаад гадна талд нь суух хиймэл зүлэг байгуулж байгаа.
Долоо хоног үргэлжлэх “UB food” фестиваль олон улсын хоолны өдөрлөгт иргэдийг урьж байна.
Дараа жилээс “UB food” фестиваль олон улсын хоолны өдөрлөгт ОХУ, БНХАУ болон бусад улс орноос ирж оролцдог арга хэмжээ болгоно. “UB food” фестиваль 2025 онд узбек хоолоор эхэлсэн бол 2026, 2027 онд ямар хоолоор үйлчлэх талаар ulaanbaatar.mn сайтаар нийслэлийн иргэдийн саналыг авна" гэв.
Энэ онд Нийслэлийн Аялал жуулчлалын газар 878.6 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар баталжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
|