Өмнөд Солонгосын шүүх иргэдийг нь бухимдуулсан Америкийн YouTube контент бүтээгчид зургаан сарын хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн сэкс боолчлолын хохирогч эмэгтэйчүүдэд зориулсан хөшөөг доромжилсон Америкийн видео контент бүтээгч Жонни Сомали өчигдөр Өмнөд Солонгосын шүүхээс зургаан сарын хорих ял сонсжээ.

Тэрбээр тус улсад аялж байхдаа 2024 оны арваннэгдүгээр сард уг хөшөөг үнсэж, өвөр дээр нь бүжиглэж байгаагаа харуулсан дүрс бичлэгийг нийтэд цацсан юм.

Үүний дараа Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг олон нийтийн тав тухыг алдагдуулсан хэрэгт буруутгаж, хилийн хориг тавьсан байна.

25 настай YouTuber-ийн жинхэнэ нэр Исмаэл Рамсей Халид бөгөөд өмнө нь хэд хэдэн видео платформоос өдөөн хатгасан агуулгатай контентынхоо улмаас хасагдаж байжээ.

Тэр бас Япон, Израильд аялж байхдаа ижил төстэй хэрэгт холбогдож байв.

“Шүүгдэгч YouTube платформоор ашиг олохын тулд нийгмийн тодорхой хэсгийн эсрэг удаа дараа гэмт хэрэг үйлдэж, Солонгосын хуулийг зөрчсөн агуулгатай контент тараасан юм” гэж шүүх дүгнэснийг тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Прокурорууд түүнд гурван жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүх “хохирогчдод ноцтой гэмтэл учруулаагүй” гэсэн үндэслэлээр бага ял оноосон байна.

Шүүх бас Халидыг суллагдсаныхаа дараа хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг байгууллагуудтай хамтран ажиллахыг нь хоригложээ.

Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр Ази даяар 200,000 орчим эмэгтэй Японы армийн цэргүүдэд сэкс боол хэлбэрээр ашиглагдсан гэх тоо баримт байдаг.

Тэдний олонх нь Солонгос гаралтай байсан бол бас Хятад, Филиппин, Индонез, Тайвань гаралтай эмэгтэйчүүд байсан юм.

Өмнөд Солонгос даяар ийм эмэгтэйчүүдэд зориулсан хэд хэдэн хөшөө бий. Эдгээр нь ихэвчлэн сандал дээр сууж буй залуу эмэгтэйг дүрсэлсэн байдаг.

Сөүлийн эрх баригчид удаан хугацааны турш хохирогч эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг Японы засгийн газраас шаардаж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын дипломат харилцаанд үе үе хурцадмал байдал үүсгэдэг юм.

Халид өмнө нь “хөшөөний утга учрыг ойлгоогүй” гэж мэдүүлээд олон нийтээс уучлал гуйж байжээ.

Шалгагдаж байх хугацаандаа тэр солонгосчуудыг өдөөн хатгаж, гудамжинд хэд хэдэн удаа халдлагад өртөж байв.

2024 оны эхээр Халид эмэгтэй цагдаагийн ажилтантай зохисгүй харилцсан шалтгаанаар Израильд саатуулагдаад суллагдаж байжээ.

2023 онд тэр Японд байхдаа атомын бөмбөгний хохирогч болсон Хирошима, Нагасаки хотуудын тухай доромжилсон утгатай зүйл яриад буруудаж байжээ.

Сүүлд Халид ресторанд чанга хөгжим тавьж, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан шалтгаанаар 200,000 иений ($1,400) торгуулиар шийтгүүлсэн юм.

 

Эх сурвалж: BBC