С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2026 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлөөс С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ. 

АН-ын Их хурлаас сонгон, шинээр бүрдсэн Үндэсний бодлогын хороо генсек болон дэд дарга нараа томилох ёстой. Гэвч намын даргын зүгээс Д.Амарбаясгаланг генсекэд нэр дэвшүүлсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй тул уг асуудлыг хойшлуулаад байсан юм. 

Намын дүрэмд зааснаар ерөнхий нарийн бичгийн даргыг нэр дэвшүүлж, сонгох асуудлыг нэг сарын дотор хэлэлцэх шийдэх ёстой. Энэ дагуу тавдугаар сарын 15-ны өдрөөс өмнө ҮБХ хуралдаж генсекээ тодруулах юм. Тэр хүртэлх хугацаанд С.Баярцогт ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байхаар болжээ. 

Энэ талаар С.Баярцогт "АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд миний нэрийг санал болгож оруулаад олонх нь дэмжсэн учраас ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нэг сар гаруйн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр болоод байна. Манай нам 10-аад жилийн турш ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй явж ирсэн. Үүрэг гүйцэтгэгчийн хугацааг тодорхой заагаагүй байсан учраас маш урт хугацаагаар ажиллаж ирсэн. 

Өнөөдрийн УТЗ-ийн хурлаар УИХ дахь бүлгийн даргын үйл ажиллагаатай холбогдуулж манай намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ. Улс төрийн намын дарга болон бүлгийн дарга тусдаа байх нь зүйтэй гэсэн байр сууриа УТЗ-д танилцуулсан. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн талаар танилцуулга хийснээр өнөөдрийн хурал өндөрлөлөө" гэв.