Япон улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа зэвсэг экспортлох гэж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах амлалтаас татгалзаж, Иран, Украины дайн зэр зэвсгийн эрэлтийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Япон улс зэвсгийн экспортлогч болохоор бэлдэж байна.
Тус улсын ерөнхий сайд Санае Такаичигийн эрх баригч нам энэ долоо хоногт Японы батлан хамгаалах салбарын аж үйлдвэртэй холбоотой хуулийн шинэчлэлийг дэмжсэн бөгөөд энэ сард багтаан парламентаар батлуулах гэж байгааг Токиогийн албаны эх сурвалжууд баталжээ.
Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн зэр зэвсгийн зах зээлээс өөрийгөө тусгаарласан юм. Гэхдээ дотоодын үйлдвэрлэл нь хүчтэй хэвээр байгаа. Зөвхөн энэ онд тус улс $60 тэрбумыг өөрийн дотоод хэрэгцээний зэр зэвсгийн үйлдвэрлэлд зарцуулахаар байна.
Toshiba, Mitsubishi Electric зэрэг батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчид энэ онд хүний нөөц, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж эхэлсэн юм.
“Хаа сайгүй санал тавьж байна” гэж хэлсэн Mitsubishi Electric компанийн батлан хамгаалах салбарын дэд ерөнхийлөгч Масахико Арай компани нь Лондон, Сингапурт экспортын чиглэлээр ажиллах хүн хүч нэмж суулгахаар болсноо мэдээлжээ.
Японы зэвсгийн экспорт сэргэх сургаар зарим улс орнууд сонирхлоо илэрхийлж эхэлсэн байна. Хамгийн эхний худалдан авагчид бүс нутагтаа аюулгүй байдлын сорилттой тулгараад буй Польш, Филиппин улсууд болох төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Такаичигийн засгийн газар Өмнөд Хятадын тэнгист Бээжинтэй сөргөлдөж буй Филиппин улсад хуучин ашиглаж байсан харуулын хөлөг онгоцнууд, дараа нь пуужингийн хамгаалалтын систем нийлүүлж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Польш, Япон улсууд харилцан нэгнийхээ дутууг нөхөж, нисгэгчгүй онгоц болон электроник байлдааны системүүд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг Токио дахь тус улсын элчин сайдын яамны орлогч Мариуш Богушевски хэлжээ.
“Японыг оролцуулснаар шийдвэрлэх боломжтой зарим саад бэрхшээлүүд бидэнд бий” гэж тэр хэлсэн ч яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Европын батлан хамгаалах салбарын хамгийн том хувийн гэрээт гүйцэтгэгчдийн нэг гэгддэг Польшийн WB Group өнгөрсөн онд Японы нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч ShinMaywa компанитай урьдчилсан гэрээ байгуулж байсан юм.
Европын гурван дипломат эх сурвалж Япон улс зэвсгийн экспортын хоригоо цуцалбал АНУ-ын хамаарлыг хөнгөвчлөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ираны дайнд АНУ-ын зэр зэвсгийн нөөц дундарснаас гадна ерөнхийлөгч Трампын урьдчилан таах аргагүй, барьцгүй зан ааш Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Трамп өнгөрсөн хугацаанд НАТО-оос АНУ-ыг гаргахаар сүрдүүлж, өөрийн холбоотон Дани улсаас Гринланд арлыг булаан эзлэх санаагаа удаа дараа илэрхийлж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
