“Туулын хурдны зам” төслийн асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2026.04.15) хуралдаан “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсвийн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболдоос дээрх асуудлыг нарийвчлан судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах зорилгоор Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг гаргасан байна. 

Үүнтэй холбогдуулан уг асуудлаар ажлын хэсэг байгуулах саналын саналын томьёоллоор санал хураалт явуулахад, 19 гишүүн оролцож 10 гишүүн буюу 52.6 хувь нь дэмжсэнгүй. Ийнхүү гишүүдийн олонх уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв. Уг саналыг МАН-ын бүлгийн гишүүд болох Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Ч.Номин, П.Сайнзориг, Б.Чойжилсүрэн нар дэмжсэнгүй. 

зураг
 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар, Б.Мөнхсоёл нар ажлын хэсэг байгуулах санал хураалтыг дахин явуулах горимын санал гаргасан боловч Байнгын хорооны дарга Н.Наранбаатар санал хураалт явуулсангүй.

зураг
 
зураг