Улаанбаатар марафоны бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ.

Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлээд дараах зөвлөгөөг хүргэв.

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө  тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган, тууштай бэлтгэл хийх.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэнээр гэмтлээс сэргийлж, гүйцэтгэлээ сайжруулах боломжтой. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх хугацааг харгалзан, өөрийн онцлогт тохируулан бэлтгэлийн давтамж, ачааллаа зөв тохируулах.
  • Хөлд эвтэйхэн, өмнө нь туршиж дассан гутал, хөлс шингэдэг хувцас сонгон өмсөх. Уралдааны өдөр шинэ хувцас, хэрэгсэл хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь өмнө нь хэрэглэж байгаагүй зүйлс нь тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох, зэрэг эрсдэл дагуулж болзошгүй.

Сануулахад өнгөрсөн онд зохион байгуулсан марафонд 30 орчим мянган хүн оролцож, 472 сая гаруй төгрөгийн хураамж төлж байжээ.

Марафон зохион байгуулах өдөр томоохон 20 орчим зах, худалдааны төвүүд ажиллахгүй, хотын төвийн авто замуудын хөдөлгөөнийг өдөржин хаадаг зохицуулалттай билээ.

"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн 21, 42 км.ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооноос 2030 он хүртэлх хугацаатай "Олон улсын хэмжилтийн "В" ангиллын сертификат" олгожээ.