М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа

Б.Бадамгарав, IKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон.

Үүнийг олон гишүүн эсэргүүцэж байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара юм. Тэрбээр өнөөдөр болсон санал хураалтын дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-ын дарга А.Үйлстөгөлдөрийг сэтгүүлчдэд ярилцлага өгч байх үеэр нь тасалж, өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг байх ёстой. Ийм үүрэгтэй болохоос Ерөнхийлөгч УИХ-ыг хянадаг байгууллага биш. ЕТГ-ынхан үүнийг мэдээрэй. Хэдэн Ерөнхийлөгчтэй байгаагаа ойлгохоо больж байна. Мөн УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын даргыг эсэргүүцэж байна. Энэ Их Хурал бол Монгол Ардын Нам(МАН)-ын Их Хурал биш, бүх ард түмний Их Хурал шүү" гэсэн юм.

Түүнчлэн "Зөвхөн өөрт ашигтай буюу МАН-ын эрх мэдэлтнүүдэд ашигтай зүйл заалтуудыг нь ярьж, манипуляц хийж байна. Энэ үйлдлээрээ УИХ-ын дарга С.Бямбацогт огцрох болзлоо хангасан. Энэ хууль бол зөвхөн УИХ-ын гишүүдийг журамлах хууль биш, Монголын ардчиллыг булшилж, цаашлаад Монголын ард түмнийг эрхшээлдээ байлгах, төлөөллийнх нь дуу хоолойг боомилж, эрх мэдэлтнүүдийн төлөө кноп дардаг утсан хүүхэлдэйнүүд нь байх эх суурийг хангаж байгаа учраас эсэргүүцэж байна" гэв.

Харин түүнийг УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн талаар нь сэтгүүлч тодруулахад "Би бууж болно. Би буугаад өөрийнхөө чаддаг ажлыг хийгээд явахад энд наймаалцаад байгаа УИХ-ын гишүүдээс сайхан амьдарч чадна. Энэ бол чин үнэн. Гэхдээ би эндээс буулаа гэхэд ард түмний мэдэх эрх, ард түмний дуу хоолой боомилогдох, мөн надад итгэн намайг яван чангарч ард түмний хоолой болоосой гэсэн иргэдийн итгэл сэтгэлд л хоргодож энд байгаа" гэж хариуллаа.