Орос улс Азербайжаны осолдсон онгоцны хохирлыг барагдуулахаар болжээ
Оросын пуужин Азербайжаны иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг санамсаргүй унагаснаас хойш бараг 16 сарын дараа талууд нөхөн төлбөрийн тохиролцоонд хүрчээ.
2024 оны арванхоёрдугаар сард Баку хотоос Чеченийн Грозный хотын чиглэлд нисэж байсан Азербайжаны онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем унагаж байсан юм.
Пуужинд оногдсон онгоц Казахстаны баруун хэсэгт унахад 62 зорчигчийн 38 нь амиа алдаж байв.
Орос, Азербайжаны гадаад хэргийн яамдын Лхагва гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ талууд “нөхөн төлбөр болон бусад асуудлаар тохиролцоонд хүрсэн” гэсэн боловч төлбөрийн хэмжээний талаар дурдаагүй юм.
Ямартай ч мэдэгдэлд уг осол “Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн санамсаргүй цохилтоос” болсныг хүлээн зөвшөөрчээ.
Тухайн үед Оросын эрх баригчид ослын шалтгааныг нуун дарагдуулахыг оролдсон нь Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевыг бухимдуулж, хатуу үгтэй мэдэгдэл хийхэд хүргэж байв.
Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй уулзахдаа осолд Оросын пуужин буруутайг анх удаа хүлээн зөвшөөрснөөр харилцааны хурцадмал байдал намжсан юм.
Үүний дараа Орос, Азербайжаны талууд хоорондын харилцаанд гарсан саад бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Кремлийн хэвлэлийн алба мэдээлж байлаа.
Онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил одоо ч Казахстанд үргэлжилж байгаа. Урьдчилсан дүгнэлтэд онгоц “байлдааны цэнэгт хошууны элемент”-д оногдсон гэж тайлбарласан ч уг элементийн эх сурвалж юу байсныг дурдаагүй юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
