Монгол гаралтай тоглогч "nocries" буюу Майдар мэргэжлийн түвшний анхныхаа тэмцээнд оролцохоор болжээ
Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээн тавдугаар сарын 11-17-нд АНУ-ын Атлантад зохион байгуулагдана.
Энэ тэмцээнд CSGO тоглоомын домогт тоглогч Simple тоглож буй BC.Game Esports баг урилгаар оролцоно. Тус багийн хувьд үндсэн хоёр тоглогчоо сэлгээнд суулгаснаа зарласан бөгөөд Атлантад зохиогдох тэмцээнд түр орлон тоглогчтойгоор оролцох аж. Нэг тоглогчоор нь өдгөө 19 настай "nocries" буюу Майдар Балдановыг сонгосон байна. Тэрбээр Буриад гаралтай бөгөөд 2025 оны аравдугаар сард анх олон нийтэд танигдаж байсан юм.
Тухайн үед ямар нэгэн мэргэжлийн багт тоглодоггүй, хэн ч таньдаггүй залуу Хойд Америк бүсийн хамгийн өндөр оноотой (elo) болсон нь олон хүний анхаарал татсан. Ийнхүү FACEIT платформын төв оффис дээр өөрийн биеэр очиж ур чадвараа батлах зорилгоор шалгалт өгч байв. Улмаар түүнийг FACEIT Pro League тэмцээнд оролцох урилга өгч байлаа. Майдарын өгсөн шалгалтыг 10 гаруй жилийн өмнө Францын "Team Vitality" багийн шилдэг тоглогч ropz өгч, мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлж байв.
Майдар нь Монгол хэлээр ярьж чадахгүй ч Буриад гаралтай учраас манай улсын төрийн далбааг ашигладаг аж. Тэрбээр одоо Хойд Америкт суралцаж байгаа бөгөөд ирэх сард мэргэжлийн түвшний анхны тоглолтоо BC.Game Esports багаас эхлүүлэхээр болж байна. Гэхдээ түүнийг зөвхөн Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээн дээр тоглуулна. Амжилтаас нь хамаарч үргэлжлүүлэн тоглуулах эсэхийг багийн эзэд шийдэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
