Ирантай байгуулсан гал зогсоох тохиролцооны хувь заяа “сэхээний тасагт” байгааг Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ, Ираны байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчингүй болоход тун ойрхон болсныг ерөнхийлөгч Трамп өчигдөр мэдэгджээ.

Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа тэр нөхцөл байдлыг “үхэл амьдралын зааг” дээр буюу “сэхээн амьдруулах тасаг”-т байгаатай зүйрлэн хэлсэн байна.

Ням гарагт Ираны эрх баригчид АНУ-ын тавьсан сүүлийн саналын хариуг өгсөн юм. Трамп уг хариу саналыг “бүхэлдээ хүлээн авах боломжгүй” гэж тодорхойлсон.

Хариуд нь Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай өөрийн улсын саналыг “хариуцлагатай”, “өгөөмөр” гэж тодорхойлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Ираны саналд Ливан дахь Хезболлагийн эсрэг Израилийн байлдааны ажиллагааг оролцуулаад бүх фронт дээр дайны галыг зогсоох, Ираны боомтуудыг хаасан АНУ-ын тэнгисийн бүслэлтийг цуцлах, Ираны нутагт дэвсгэрт цаашид дахин халдахгүй байх баталгаа өгөх, дайны нөхөн төлбөр төлүүлэх, Ормузын хоолой дахь Ираны бүрэн эрхэт байдлыг хүлээн зөвшөөрөх нөхцөлүүд тусгагдсан гэнэ.

Ням гарагт Трамп сошиал хуудсандаа “Би Ираны “төлөөлөгчид” гэгдэж буй хүмүүсийн ирүүлсэн хариу саналтай танилцлаа. Надад таалагдахгүй байна. Бүхэлдээ хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж бичжээ.

Даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Гал зогсоох тохиролцооны хувь заяа сэхээн амьдруулах тасагт, эмч орж ирээд таны хайртай хүний амьд үлдэх магадлал нэг хувьтай байна гэж хэлж байгаатай адил нөхцөл байдалд байна” гэж хэлсэн юм.

Тэрбээр Ираны удирдагчдыг “маш ичгүүргүй хүмүүс” гэж тодорхойлоод “Би тэдэнтэй дөрөв, таван удаа тохиролцох гэж оролдлоо. Гэтэл тэд бодлоо өөрчилж, энэ хог новш шиг зүйлийг бидэнд ирүүлснийг би гүйцэд уншиж ч чадсангүй” гэж бухимдлаа илэрхийлжээ.

Трамп бас Ираныг уран баяжуулалтаа хязгаарлах АНУ-ын саналаас татгалзсанд буруутгасан байна.

Ираны хариу саналыг ирэхээс өмнө Трамп дайн тун удахгүй дуусах гэж байгааг давтан хэлж байсан.

Гэвч Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху баяжуулсан ураны нөөцийг нь бүрэн устгах хүртэл Ираны дайн дуусахгүйг мэдэгдсэн нь Трампын ярьсантай зөрчилдөж байна.

АНУ-ын Иранд илгээсэн 14 зүйлт санамж бичгийн төсөлд Ираны уран баяжуулах үйл ажиллагааг зогсоох, хориг арга хэмжээнүүдийг цуцлах, Ормузын хоолойн ачаа тээврийн чөлөөт урсгалыг сэргээх зэрэг нөхцөлүүд тусгагдсаныг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойг Иран улс сүүлийн хоёр сарын турш хаагаад байгаа юм.

Үүний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өссөн.

АНУ үүний хариуд Ормузын хоолойг гадуур нь бүсэлж, Ирантай холбоотой тээврийн урсгалыг зогсоосон юм. АНУ, Израилийн арми хоёрдугаар сарын 28-ны өдөр Иранд халдсанаар дайн эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь өнөөдөр үргэлжилж байна.

 

Эх сурвалж: BBC