Унгарын дараагийн ерөнхий сайд төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоохоо амлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт сонгуульд ялж, Унгарын дараагийн ерөнхий сайдаар ажиллах болзлоо хангасан Петер Мадьяр засгийн эрхийг авмагцаа төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоохоо амлажээ.

Өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны үед уг суваг эрх баригчдын суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болсон гэж ажиглагчид үздэг.

Ням гарагт болсон сонгуулиар Мадьярын Тиса (Хүндлэл ба Эрх чөлөө) нам үнэмлэхүй ялалт байгуулж, дэлхий дахины “либерал бус” консерватив удирдагчдын үлгэр жишээ болсон Орбаны 16 жилийн засаглалыг дуусгавар болгосон юм.

“Унгар хүн бүрийн үнэнийг мэдэх эрхийг эдлүүлдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх ёстой” гэж Мадьяр өчигдөр Kossuth төрийн өмчийн радиод ярьжээ. Тус радиогийн ярилцлагад Орбан долоо хоног бүр оролцдог байсан бол сөрөг хүчний улс төрчид ховорхон уригддаг байсан юм.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ хууль, шинэ засаглал бий болж, төрийн мэдлийн сувгуудын зөв ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бидэнд бага зэрэг хугацаа хэрэгтэй болно. Өнөөдөр бид суртал нэвтрүүлгийн машины сүүлчийн өдрүүдийн гэрч болж байна. Тисагийн засгийн газар байгуулагдсаны дараа жинхэнэ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй болох хүртэл одоогийн “олон нийтийн” гэгддэг сувгуудыг зогсоох болно” гэж тэр сүүлд сошиал хуудсандаа бичжээ.

Орбаны засаглалын жилүүдэд эрх баригчдыг шүүмжилдэг, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аажмаар алга болж, 2018 онд Орбаны үнэнч дэмжигчдийн үүсгэн байгуулсан Төв Европын Хэвлэл, Мэдээллийн Сан хэмээх байгууллага 400 гаруй телевиз, сонин, мэдээллийн сайтын удирдлагыг гартаа авсан гэдэг.

 

Эх сурвалж: Reuters