Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдан авагч олдохгүй байгаагийн улмаас ТикТокийн хоригийг Трамп гурав дахь удаагаа 90 хоногоор хойшлуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятад эзэнтэй сошиал платформ ТикТокийг “үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэсэн үндэслэлээр АНУ-ын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг нь хориглох хуулийг өнгөрсөн онд баталж байв.

Ерөнхийлөгч Трамп энэ оны эхээр тангараг өргөснийхөө дараа хамгийн түрүүнд уг хуулийн хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан юм. Энэ нь ТикТокийн АНУ дахь салбарыг Америк компанийн эзэмшилд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвээр үлдээх зорилготой байлаа.

Эхний 90 хоногийн хугацаа дуусахад тус платформын хувийг худалдаж авах этгээд олдоогүй тул дахин 90 хоногоор сунгаж байв.

Тэгвэл ТикТокийн хоригийн хэрэгжилтийг гурав дахь удаагаа 90 хоногоор хойшлуулж байгааг Цагаан ордноос өчигдөр мэдээлжээ.

“ТикТок платформыг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд ерөнхийлөгч Трамп энэ долоо хоногт нэмэлт захирамж гаргана. ТикТокийг хаах хүсэлгүй байгаагаа ерөнхийлөгч олон удаа хэлж байсан. Энэ сунгалт нь 90 хоног үргэлжлэх бөгөөд Америкийн ард түмний хувийн мэдээлэл аюулгүй, найдвартай байх баталгааг бий болгохын тулд манай засаг захиргаа үргэлжлүүлэн ажиллах болно” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт мэдээлсэн байна.

Цагаан ордны мэдэгдлээс өмнө Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа ТикТокийн АНУ дахь үйл ажиллагааг тусад нь салгах асуудлыг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин “эцэслэн батална” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Трамп өнгөрсөн оны сонгуульд ялахдаа ТикТокийг ашиглан залуу сонгогчдын дэмжлэгийг авч чадсан тул уг платформыг хаах хүсэлгүй байгаа гэдэг.

Өнгөрсөн онд нээгдсэн Трампын ТикТок хуудас одоо 15 сая гаруй дагагчтай болжээ. Нэгдүгээр сард тэр “ТикТокт миний халуун дулаан орон зай бий” хэмээн хэлж байв.

ТикТок одоо АНУ-ын зах зээлд 136 сая орчим хэрэглэгчтэй гэсэн тоо баримт бий. Энэ нь тус улсын хүн амын гуравны нэгээс илүү хэсэг юм.

 

Эх сурвалж: Associated Press