Т.Батдондог: Эмээлт эко паркийн 24 МВт-ын дулааны цахилгаан станцын аяган суурийг угсарч байна
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байгуулахаар болсон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сараас эхлэн БНХАУ-ын “Хуа Зи Технологи” ХХК (HNAC Technology Co., Ltd) болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК (China western Power Industrial Co., Ltd) түншлэлүүд гүйцэтгэж буй.
Барилга угсралтын ажлын явцын тухай Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ерөнхий инженер Т.Батдондог “Одоогийн байдлаар паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох 24 МВт-ын дулааны цахилгаан станцын зуух, турбин генераторын барилга, оффисын барилга болон яндангийн суурийн барилга угсралтын ажил батлагдсан график төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын хүрээнд зуух, турбины туслах тоноглолын аяган суурийн эхний үеийн бетон цутгалт, аяган суурийн хэв хашмал угсралт, босоо баганан суурийн арматур угсралт, зуухны яндангийн суурийн арматур угсралт болон оффисын барилгын суурийн хөрс нягтруулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Төлөвлөгөөний дагуу 2026 оны аравдугаар сарын эцэс гэхэд барилга байгууламжуудын суурийн ажлыг бүрэн дуусгаж, бетон цутгалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Мөн төслийн хүрээнд Эрчим хүчний үндэсний төв болон паркийн инженер техникийн албаны ажилтнууд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна” гэв.
Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд экскаватор, өөрөө буулгагч автомашин, ковш, усалгааны автомашин, кран, бетон шахуургын насос болон бетон зуурмаг тээвэрлэгч миксер автомашинуудыг ашиглаж байгаа аж.
Эко паркийн дулааны цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажлыг 2028 онд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөж, нийслэлийн төсвөөс нийт ₮224.6 тэрбумыг зарцуулахаар баталснаас энэ онд ₮50 тэрбумыг тусгасан байна.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болж, оруулсан хөрөнгө оруулалтыг 6-7 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлаж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх гэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



