Чипийн эрэлтийн улмаас Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцэл Герман, Япон улсуудынхыг нийлүүлснээс илүү ашигтай гарав
Ням гарагт нийтлэгдсэн тоо баримтад өгүүлснээр энэ оны хоёрдугаар улиралд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг аж үйлдвэрлэлийн хүчирхэг гүрнүүд болох Герман, Японы үзүүлэлтүүдийн нийлбэрээс давсан байна. Эдгээр гурван улсын харьцуулж болохуйц эдийн засгийн мэдээлэл бүртгэгдэж эхэлсэн 1996 оноос хойш анх удаа ийм зүйл тохиолджээ.
Хагас дамжуулагч чипийн экспортын огцом өсөлт нь Өмнөд Солонгосын худалдааны ашгийг түүхэн дээд түвшинд хүргэсэн бол хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын тэлэлт нь ногдол ашиг болон хүүгийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн таамаглалаар энэ онд Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь судалгаанд хамрагдсан дэлхийн 190 оронтой харьцуулахад хамгийн өндөр өсөлт болжээ.
Гэсэн хэдий ч шинжээчид хиймэл оюун ухаан (AI)-тай холбоотой хөрөнгө оруулалт дэлхий даяар саарах, эсвэл өрсөлдөгч орнуудын чипийн нийлүүлэлт нэмэгдэх зэрэг нь олсон ашгийг эрсдэлд оруулж болзошгүйг анхааруулж, улс орны аж үйлдвэрийн суурийг төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Солонгосын Банкнаас ОУВС-гийн мэдээлэлд үндэслэн боловсруулсан тоо баримтаас үзвэл хоёрдугаар улиралд тус улсын төлбөрийн тэнцлийн ашиг $116.6 тэрбумд хүрч, дэлхийн томоохон эдийн засагтай 36 орны дунд Хятадын дараа хоёрдугаарт бичигджээ.
Герман улс $52.3 тэрбумын ашигтайгаар гуравдугаарт, Япон улс $50.6 тэрбумын ашигтайгаар удаалсан байна. Энэ хоёр улсын ашгийн нийлбэр болох $102.9 тэрбум нь Өмнөд Солонгосын ашгаас $13.7 тэрбумаар бага байгаа юм.
Өмнөд Солонгосын хоёрдугаар улирлын төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийн $28.4 тэрбумаас 310 хувиар буюу $88.3 тэрбумаар өссөн байна. Харьцуулбал Герман болон Японы хувьд энэ үзүүлэлт тус тус 12 хувь, 5 хувиар өсжээ.
Өмнөд Солонгос улс гуравдугаар улиралд ч тэргүүллээ хадгалж, Герман, Япон улсуудын ашгийн нийлбэрийг давахаар байна.
Төлбөрийн тэнцлийн ашиг нэмэгдэж буй нь дэлхий дахинд хиймэл оюун ухаан (AI)-ы салбар эрчимтэй хөгжиж, үүний улмаас сервер болон дата төвүүдэд ашиглагддаг санах ойн чипийн эрэлт өссөнтэй холбоотой юм.
Мэдээлэл, статистикийн яамны мэдээлснээр тус улсын хагас дамжуулагчийн экспорт хоёрдугаар улиралд $113.89 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 181.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Гуравдугаар улиралд энэ дүн $148.02 тэрбум болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 218.7 хувиар нэмэгдэхээр байна.
Гэсэн хэдий ч эдийн засагчид Өмнөд Солонгос улс төлбөрийн тэнцлийн ашгаа хадгалахын тулд зөвхөн хагас дамжуулагчийн салбарын өсөлтөд хэт найдах ёсгүй гэдгийг анхааруулжээ.
Тухайлбал Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн таамаглалаар Өмнөд Солонгосын төлбөрийн тэнцлийн ашиг 2027, 2028 онуудад $400 тэрбумаас дээш байх боловч 2029 онд $295.7 тэрбум, 2031 онд $177.5 тэрбум болж буурах төлөвтэй байна.
Мөн арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын завсрын сонгууль нь хиймэл оюун ухааны салбар дахь хөрөнгө оруулалтын төлөв байдалд нөлөөлснөөр тус улсын хагас дамжуулагчийн экспортод өөрчлөлт авчирч болзошгүй юм.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
