Оросын хорлон сүйтгэгчдийн сүлжээ зэвсгийн үйлдвэрийн орчимд гал тавьсныг тогтоосноо Румын улс зарлав

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Румын улсын эрх баригчид Оросын талаас зохион байгуулсан хорлон сүйтгэгчдийн сүлжээг илрүүлснээ зарлажээ. Есдүгээр сард төрийн өмчит зэвсгийн үйлдвэрийн ойролцоох байгууламжид гарсан гал түймрийн цаана энэ сүлжээ байсныг тэд тогтоосон байна.

Румыний тагнуулын албанаас Даваа гарагт мэдээлснээр есдүгээр сарын 14-ний өдөр тус улсын төв хэсэгт орших Брашов хотод гарсан гал түймэр нь Оросын зохион байгуулсан хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсэг байжээ.

"Эдгээр үйлдлүүд нь айлган сүрдүүлэх, батлан ​​хамгаалах чадавхыг сулруулах, мөн зорилтот улс орнуудын Европ болон бүс нутгийн аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг бууруулах зорилготой байжээ" гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Румыний эрх баригчдын энэхүү мэдэгдэлд Орос улс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд өмнө нь ийм төрлийн буруутгалуудыг удаа дараа няцааж байсан юм.

Румыний зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризмыг мөрдөн шалгах газар (DIICOT)-ын мэдээлснээр Брашов хотод гарсан гал түймэрт гурван хүн холбогдсон бөгөөд тэдний хоёр нь Беларусь, нэг нь Украины иргэн байжээ. Тэд бүгд Европын Холбооны улсуудад амьдардаг хүмүүс юм байна.

Тэдний хоёрыг нь "Герман улсад дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байхад нь илрүүлж, саатуулсан" гэнэ.

Харин гурав дахь этгээд нь Польш улсад байгаа бөгөөд одоогоор баривчлагдаагүй байгаа аж.

Румыний тагнуулын албаны мэдээлснээр ийм сүлжээнд элсүүлэх хүмүүсийг ихэвчлэн сошиал сүлжээнээс олдог бөгөөд эхлээд тэдэнд "тодорхой байгууламжуудыг ажиглах, зураг авах" зэрэг "гэм хоргүй мэт санагдах даалгавар" өгч, мөнгө санал болгодог байна.

Цаг хугацаа өнгөрөх тусам "даалгаврууд нь улам ноцтой болж, эд хөрөнгө сүйтгэх, гал тавих, тэр ч байтугай хүн амины хэрэг үйлдэх зэрэгт хүргэж болзошгүй" байдаг гэж тус алба мэдээлжээ.Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Румын улс нь Украинтай 600 гаруй километр урт зурвасаар хиллэдэг.

Румыний төв үзэл баримтлалтай ерөнхийлөгч Никусор Дан тус улс Украиныг дэмжиж буй улс орнуудыг тогтворгүйжүүлэх зорилгоор Оросын явуулж буй холимог дайны (hybrid war) бай болж буйг мэдэгдээд агаарын орон зайд нисгэгчгүй онгоц нэвтрүүлэх, кибер халдлага, ташаа мэдээлэл тараах кампанит ажил, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг үйлдлүүдийг дурджээ.

Гадаад хэргийн сайд Дан Некулаеску зэвсгийн үйлдвэрт гарсан галыг батлан хамгаалах үйлдвэрлэлийг чиглэсэн "Европ даяарх өргөн хүрээтэй хорлон сүйтгэх кампанит ажлын нэг хэсэг" гэж тодорхойлсон байна.

Энэхүү мэдэгдэл нь сүүлийн хэдэн долоо хоногт Европ даяар батлан хамгаалах байгууламжуудад гарсан цуврал хэргүүдийн дараа гарчээ.

Есдүгээр сард Болгарын нэг зэвсгийн байгууламжид гал гарснаас хойш хэдэн долоо хоногийн дараа тус улсын өөр нэг зэвсгийн агуулах дэлбэрч, гал гарсан. Хоёр байгууламжийг Украинд ашигладаг Болгарын зэвсэг үйлдвэрлэгч EMCO компани эзэмшдэг.

Мөн тухайн сард Мюнхен дэх батлан ​​хамгаалах компанийн оффисын ойролцоо галт бөмбөг шидсэн хэрэг гарсан бөгөөд Румыний эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэж буй цэргийн байгууламжийн бичлэг, гэрэл зургийг авсан хэргээр Оросын нэг иргэнийг баривчилж байв.

Наймдугаар сард Италийн нийслэл Ромын ойролцоох зэвсэг үйлдвэрлэгч KNDS компанийн ажиллуулдаг сумны үйлдвэрт дэлбэрэлт болсон.

Хар тэнгист сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Румын, Болгарын эргээс холгүй ачааны найман хөлөг онгоц агаарын цохилтод өртөж, 34 орчим далайчин амиа алдсан буюу сураггүй алга болсон юм.

Жилийн өмнө Польш, Румын улсууд мөн Украин руу тэсрэх төхөөрөмжтэй илгээмж явуулах Оросын хуйвалдаанд сэжиглэгдсэн найман хүнийг саатуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters