СЭТГЭЛ ЗҮЙЧ: Зарим хос "Тэсэж л амьдарч байна даа" гэдэг ...

-Гэр бүлийн боловсрол олгох зорилго бүхий цуврал нийтлэлийг Ikon.mn уншигч та бүхэнд бэлтгэн хүргэж байна-

"Гэрлэлт ба хариуцлага" сэдвийн хүрээнд СЭТГЭЛ ЗҮЙЧ Ж.Үйлсттэй ярилцлаа.
Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN П.Сайнжаргал

"Монголчууд 30 хүрэхээс өмнө гэрлэх ёстой гэх түгээмэл хандлагатай"

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Өөр хүнтэй сэтгэлийн холбоо үүсгэхгүйгээр насан туршдаа хамт байж, нэгнийгээ хайрлаж, ойлгож, ойлголцож амьдрах хүлээлттэй байхыг гэрлэлт хэмээн СЭТГЭЛ ЗҮЙН өнцгөөс тайлбарлаж болох юм.
Монголчуудын дунд 30 хүрэхээс өмнө ГЭРЛЭХ ЁСТОЙ гэх түгээмэл хандлага, тогтсон ойлголт ажиглагддаг.
1990-ээс өмнөх оныхон ихэвчлэн 18-25 насандаа гэрлэдэг байсан бол одоо үед залуус 25-30 насандаа гэрлэхийг илүүд үзэх болжээ. Сүүлийн жилүүдэд гэрлэлт оройтож байна.

СЭТГҮҮЛЧ: Гэрлэхэд тохиромжтой нас гэж байдаг уу?
СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүний тархины хөгжил хойд дагзнаас эхэлж, хамгийн сүүлд духны хэсгийн үйл ажиллагаа идэвхэжсэнээр бүрэн явагдаж дуусдаг хэмээн үздэг. Уураг тархины хөгжил бүрэн гүйцсэнээр сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах магадлал буурдаг байх нь.
Сэтгэл хөдлөлдөө авталгүй, хөөрлөө дарсны дараа амьсгаа аваад бодож үзэхэд аливааг арай өөр өнцгөөс хардаг. Ингэж зохицуулах чадвар 25-27 насанд бүрэн гүйцэж дуусна гэж үздэг юм л даа. Үүнд тулгуурлан гэрлэлтийн хувьд хамгийн тохиромжтой нас 25-27 гэж үздэг.
Тэгвэл 27-оос хойш яагаад гэрлэлт оройтох тал руугаа ороод байна вэ гэвэл аливаа асуудалд тархи нь бүр хэтэрхий логик ажилладаг болчихдогтой холбоотой.
Маш олон талын эрсдэлийг бодож, тооцоолох, өөртөө тухтай байдлыг илүү эрхэмлэх гэхчлэн нийгэм, сэтгэл зүйн янз янзын нөлөө байна.

"Цаг хугацаа биш асуудлыг хэрхэн даван туулж байгаа нь хүнийг ТАНИУЛНА"

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Цаг хугацаа хүнийг таниулдаггүй. Магадгүй хос хоёрын дунд асуудал үүсэхгүй бол хамгийн сайхан залуу, хамгийн сайхан эмэгтэй хэвээрээ л санагдана. Нөхөрлөл ч мөн ялгаагүй.
Асуудал тулгарах үед хамтдаа түүнийг хэрхэн яаж даван туулж байна вэ гэдгээс цаашдын харилцаа тодорхойлогдоно. Хосуудын харилцаа хэврэг эсвэл бат бөх үргэлжлэх эсэхийг асуудлууд батлан харуулна гэсэн үг. Хэрвээ асуудлыг даван гарах чадамжгүй, үүссэн нөхцөл байдалд идэвхгүй ханддаг, ярилцахаас цааргалдаг хандлагатай бол энэ харилцаа удаан үргэлжлэхгүй.
"Идэж уугаад, өмсөж зүүгээд амьдраад болж л байна. Ингээд явж байтал болох байлгүй дээ" гэдэг хандлагатай байвал нэг нь мянга хичээгээд шийдэлд хүрэхгүй.
Үүссэн асуудалдаа хоёр талаас заавал нэгдсэн байр суурьтай байснаар түүний ард гарч чадна. Харамсалтай нь энэ бүхнийг шалгах завдал өгөхгүйгээр маш хурдан хүүхэдтэй болдог.
Улмаар эхний хүүхдээ төрүүлсний дараа хоёр дахь хүүхдээ хэзээ гаргах вэ?, "Нэг хүүхэдтэй бол өөрийгөө хүүхэдгүйд тооц", "Хоёр хүүхэдтэй бол нэг хүүхэдтэйд тооц" гэхчлэн нийгмээс янз бүрийн хүлээлт, тогтсон хандлагаар шахаж эхэлдэг.

СЭТГЭЛ ЗҮЙЧ: "Хүүхдүүд ойрхон өсчихвөл том болоод амар байдаг" гэдгийг хэн ч юм хэлээд өгчихсөн...
Ойрхон хоёр гурав төрсний дараа эргээд хартал:
Нэг нь ажил хийгээд л байдаг хэрнээ орлого нь амьдралдаа хангалттай сайн хүрэлцдэггүй. Тэр хугацаанд сурч хөгжих боломж нь хязгаарлагдсан байдаг. Эмэгтэйн талаас харвал ихэнх нь оюутан эсвэл сургуулиа төгсөөд хүнтэй суусан байж таардаг. Сурсан мэдсэн мэргэжлээрээ ажиллах боломж нь бүрдэхгүй явсаар.
Нэгэнт гурван хүүхэдтэй бол "одонгийнхоо хүүхдийг төрүүл" гэдэг. Одонгийн хүүхдийг бүр нийгмээрээ шахаж шаарддаг.
Гурван хүүхэдтэй хүн дахиж төрөхгүй бол бараг ТЭНЭГ гэх ийм итгэл үнэмшлээ ээжүүдэд маш их тулгана.Энэ мэтчилэн бусдын хандлагаас үүдэн хийж бүтээх боломж нь хязгаарлагдмал, нийгэмд гараад ажиллаж, амьдаръя гэхээр хөл нийлүүлэх боломжгүй болчихсон юм шиг санагддаг.
Эхнэр, нөхрийн аль нэг нь ажил, сургуулиа орхиод хүүхдүүддээ 100 хувь анхаарал хандуулдаг. Яг ийм эргэлтэд орсон амьдралын хэв маяг маш их.

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Гэр бүлээс гадуурх харилцаа бий боллоо гэж бодъё. Уг асуудлыг ямар өнцгөөс хардаг вэ гэвэл “Би энэ хүнийг олон жил таниагүй явжээ” гэдэг нэг талын байр суурь ажиглагддаг.
Гэтэл тухайн асуудал ЗҮВ ЗҮГЭЭР байж байгаад бий болчхоогүй. Гэр бүлд тохиолдсон ямар нэгэн хямралын араас үүссэн байх магадлал өндөр. Өмнө нь бага багаар дохио өгөөд байсан байж болно.
Өнгөрсөнд шийдвэрлээгүй асуудлууд томорсоор гэр бүлийн хууралт болж эргэсэн байх магадлалтай. Эсвэл асуудлаас зугтаах хэлбэрээр өөр талд харилцаа үүсгэсэн байх магадлалтай байдаг.
Цаана нь шийдэгдээгүй олон асуудлын үр дагавар ингэж илэрсэн байж болно.
График1: Гэрлэлтийн бүртгэл ба цуцлуулсан тоо (2020-2024)

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Ажил төрлийн харилцаанд "Дахиад харьцахгүй байхад" болчих мэт. Харин гэр бүл бол насан туршийн амьдрал.
Үүнийг зарим хос "Тэсэж л амьдарч байна даа" гэж тайлбарладаг.

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Итгэл үнэмшлийн хувьд гэр бүл болох үзэгдэл манайд элбэг байна. “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэхчлэн ямар ч төлөвлөлт байдаггүй.

"Аль нэг талаа буруутгаж дайрахгүйгээр өөрийгөө илэрхийлэх чадвар маш сул"

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хосуудад "ярилцах хэрэгтэй" гэж маш их зөвлөдөг. Гэхдээ бодит байдал нь “Ярилцах л юм бол хэрүүл болчхоод байна” гэдэг.
Манайханд харилцааны ур чадвар маш дутмаг. Бусад улс оронд харилцааны ур чадварыг аль хэдийнээ сургууль, цэцэрлэгт байх үеэс нь иргэддээ заагаад өгчихдөг. Тэдний хувьд "Хүнтэй буруу харилцана" гэдэг ойлголт угаасаа байхгүй. Тэр нь бараг юу юм бэ? гэж асуумаар...
Гэтэл монголчуудад аль нэг талаа буруутгаж дайрахгүйгээр дууны өнгө аясаа нэмэхгүйгээр сэтгэл хөдлөл багатайгаар өөрийгөө илэрхийлэх чадвар маш сул.
Нэгнийхээ сэтгэлд таагүй үйлдэл гаргасан бол үүний араас үг үйлдлээ залруулах, тайлах чадвар сул.

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Ихэнх хосууд асуудал давхацсанаас үүссэн стрессээ даван туулж чаддаггүй.
Магадгүй оюутан, хажуугаар нь хүүхдээ хардаг, ажил хийдэг,түрээсийн байранд амьдардаг гэх мэтчилэн олон асуудал давхацсан тохиолдол байж болно.
Дараагийн асуудал нь гомдлоо даван туулж чадахгүйтэй холбогддог. Магадгүй эхнэр эсхүл нөхөр нь хэн нэгэнтэй давхар харилцаа үүсгэсэн байсан. Үүнийг нь тухайн үедээ уучилсан боловч маргах болгонд байнга хөнддөг.
Хөндүүр, сэтгэл зүйн хувьд хэцүү санагдах тусам тэр асуудлыг хүнд ярихгүй байх хандлагатай байдаг. Яагаад гэвэл тэр хүний эмзэг мэдээлэл.
Өөрийгөө “Маш нээлттэй” гэж хэлэх атлаа хамгийн чухал зүйлсээ ярьдаггүй хүмүүс олон бий. Хэрвээ асуудлаа ярихгүй илэрхийлэхгүй дотроо хав дараад яваад байвал урт хугацааны дараа юу болох вэ?
Ихэвчлэн донтолтын хэлбэр рүү шилжинэ эсвэл өөр ямар нэгэн зүйлээр орлуулж эхэлнэ. Бодогдоод байгаа зүйл нь өвтгөөд байгаа учраас өөр арга зам хайна гэсэн үг.
Магадгүй ажилдаа ч донтож болно. Донтолт гэдэг бол өөрөө өөртөө өвчин намдаагч хийж байгаатай ялгаагүй үйлдэл.

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хувь хүний хөгжлийн хувьд асар их ялгаатай болох нь салалтад хүргэж байгаа бас нэгэн шалтгаан. Нэг тал нь байнга өөрийгөө хөгжүүлэх гэж зорьж, эрмэлздэг, хичээдэг. Хосын харилцаандаа гарч байгаа асуудлуудыг өөрийнхөө зүгээс шийдэж, өөрчилж чадах тэр болгоныг хийдэг. Гэтэл нөгөө тал нь яг байрандаа л байдаг. Магадгүй юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. "Би ийм л хүн, намайг байгаагаар нь хүлээж авбал ав үгүй бол боль" гэдэг хандлагатай байх. Ийм ялгаатай байдал цаашдын харилцаанд нөлөөлнө.

"Үнэнч байж чадах уу гэж өөрөөсөө эхлээд асуу"

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Хүмүүс ихэвчлэн ҮНЭНЧ байдлыг бусдаас хайдаг. Чухамдаа энэ асуултыг хамгийн түрүүнд өөрөөсөө асуух ёстой. Би үнэн хүн үү, үгүй юу? гэж. Үнэнч байж чадна гэвэл урт хугацааны харилцаа буюу гэрлэлтээ сонгох ёстой. Хэрвээ "би үнэнч байж чадахгүй" гэвэл хүүхэдтэй болох сонголтыг хийхгүй байх хэрэгтэй.
График 2: Өрх толгойлсон ганц бие эцэг, эх (2003-2016)

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Манайд гэрлэлт яг л цонхны цаанаас гэрчилгээгээ аваад явчихдаг “нэг цэгийн үйлчилгээ” шиг л байдаг.
Хуримаа хийх, бие биедээ тангараг өргөх, гэрлэлтийн гэрээ байгуулах нь маш чухал. Энэ бол хариуцлагын илэрхийлэл.