Зураг
Зураг
Индэр    
2024 оны 4 сарын 23
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Бирагийн Аръяа: Монгол хоол үнэхээр сайхан. Гэхдээ байнга идвэл урт наслахад хэцүү

зураг
 
Эх сурвалж: Gej Yu Ve ?

“Science conference 2024” арга хэмжээ дөрөвдүгээр сарын 14-нд Соёлын төв өргөөд болсон. 

Энэ үеэр АНУ-ын Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Бирагийн Аръяа "Хүн төрөлхтний насыг хэрхэн уртасгах тухай" сэдэвт илтгэлийг танилцуулсан юм. 

Тэгвэл эрүүл, урт наслахад нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар хуваалцсан түүний илтгэлээс уншигч Та бүхэнд тоймлон хүргэж байна. 

Энэхүү арга хэмжээг Gej Yu Ve? хүрээлэл болон "Tenger" телевизээс хамтран зохион байгуулсан билээ.



"Залуу хүний биед үүссэн хавдар дархлааны системийг нь өөртөө урвуулан ашигладаг"

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн буюу National Institutes of Health(NIH) нь 20 гаруй салбар хүрээлэнгээс бүрддэг. Түүний дотор National Institute of Age нь хүний эрүүл мэнд, насжилттай холбоотой бүхий л асуудлыг өргөн хүрээнд судална.

Миний судалгааны гол чиглэл дархлааны систем болон альцхаймерын өвчний эрсдэлтэй холбогддог. Өөрөөр хэлбэл хүний дархлааны системийг хавдартай холбож судалдаг гэж хэлж болно. 

Тухайлбал судалгааны явцад ажиглагдсан нэг сонирхолтой үр дүнг хуваалцъя.

Залуу хүмүүс илүү эрүүл чийрэг, дархлааны систем хүчтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ залуу хүний биед үүссэн хавдар дархлааны системийг нь өөртөө урвуулан ашигладаг. Ингэснээр хавдар илүү хүчтэй явагдах эрсдэлтэй. Энэ мэтчилэн хавдар хүний биед яаж явагдаж, даамжрах нь их сонин.

Дархлааны систем өөрчлөгдсөнөөр хавдарт янз бүрээр нөлөөлж болдог. 

Мэдээж залуу, эрүүл хүүхдийн биед үүссэн хавдрын эмчлэгдэх магадлал хамаагүй өндөр. Гэхдээ эмчилгээний дараа их сонин зүйлс ажиглагдсан. Өөрөөр хэлбэл эмчлүүлж буй хүүхдийн бие махбод, дархлааны систем нь хөгшин хүнийх шиг болоод эхэлдэг. Энэ бол хүчтэй эмчилгээнээс үүдэлтэй. 

"Дархлааны эс хавдрыг устгахын оронд хавдарт туслаад мутац эс болж байна гэсэн үр дүн гарсан" 

Хавдар дархлааны эсийг өөрт ашигтайгаар ашиглаж болдог. Жишээлбэл цагдаа нар авлигад автсан улс төрчийг барих байтал өөрсдөө тэдэнтэй нэгдэж байгаатай адилтган тайлбарлаж болох юм. 

Энэхүү судалгааны ажил дээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-иас Б.Пүрэвдорж эмч ажиллаж байсан. 

Түүний хийсэн судалгаагаар дархлааны эс хавдрыг устгахын оронд хавдарт туслаад мутац эс болж байна гэсэн сонирхолтой үр дүн гарсан.

"Бидний амьдралын хэв маяг, дадал зуршил эрүүл, урт наслах эсэхийг тодорхойлно"

Нөгөө талаар амьсгалж буй агаар, идэж байгаа хоол хүнс, өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршил бүгд бидний эрүүл мэндэд шууд нөлөөлж байгаа. 

Эдгээр нь эрүүл, урт удаан амьдрах уу, үгүй юу гэдгийг тодорхойлно. Жишээ нь манай өвөө, аав 90 нас хүртлээ тамхи татлаа. Гэхдээ эв эрүүл, сав саруул өтөлж байна гэх яриа бий. Энэ бол генетикийн цөөн хэдхэн ховор тохиолдол юм шүү. 

"Альцхаймер өвчин эмэгтэй хүнд илүү тохиолддог"

Дараагийн судалгааны чиглэл маань альцхаймер өвчинд төвлөрч байна. Бидний мэддэгчлэн ой санамж муудаж, мартамхай болох зэрэг шинж тэмдэг энэ төрлийн өвчний үед илэрдэг. 

Альцхаймер өвчин эмэгтэй хүнд илүү тохиолддог нь сонин. Гэхдээ энэ төрлийн өвчин нь 

  • Генетикийн улмаас үүсэж болно.
  • Sporadic Alzheimer Disease буюу нас ахихаар шинж тэмдэг ажиглагдаж, өвчилдөг.

 "Хүнийг 200-300 жил амьдруулж, мөнхжүүлэх нь гол зорилго биш"

Мэдээж ямар ч амьд махбод үхэлгүй мөнх оршино гэж байхгүй, тодорхой насны хязгаартай. Гэхдээ үлдсэн 20, 30 жилдээ яаж эрүүл байх вэ?, Ямар хэв маягаар амьдарвал үлдсэн насаа эрүүл, саруул өнгөрүүлэх үү? гэдгийг Насжилтын хүрээлэн судалдаг.

Монголчууд залуу насандаа цуглуулсан хамаг эд мөнгөө өтлөхийн цагт эргээд эмчилгээндээ зориулж байна. Үүний ард гэр бүл нь зовоод үлддэг. 

Ихэнх монгол хүн 50, 60 насандаа тэтгэвэртээ гарч байх шиг байна. Тэгвэл тэтгэвэртээ гарсан хүн үлдсэн 20-30 жилдээ хэрхэн яаж эрүүл, аз жаргалтай амьдарч, залуудаа хөдөлмөрлөж олсон орлогоо өөртөө болон гэр бүлдээ зарцуулж, өвчин эмгэггүй амьдрах вэ гэдэг нь гол агуулга. 

Түүнээс хүнийг 200-300 жил амьдруулж, мөнхжүүлэх нь гол зорилго биш. 

Яахав мөнгөтэй, баян хүмүүсийн толгой нь эргээд өөрсдийгөө удаан амьдруулах арга сэддэг эсвэл өөрийнхөө эсийг хөлдөөгөөд ирээдүйд шинжлэх ухаан хөгжихөд сэргээгээд мөнхжүүлнэ, амьдарна гэж янз бүрийн зүйлс хийдэг юм шиг байна лээ. Мэдэхгүй. (Инээв)

Одоогийн шинжлэх ухаанаар хүний нас 200 хүрч чадахгүй байх. Хүний максимум амьдрах нас 130 хүрэх үү, үгүй юу? 

Чухамдаа аз байвал бид эрүүл, аз жаргалтайгаар 100, 110 наслаад нөгөө ертөнц рүү явахад харамсах зүйлгүй болов уу.

Мэргэжлийн өнцгөөс харахад монголчуудын хувьд санааг тань зовоодог зүйлс юу вэ?

Миний санааг хооллолт, агаарын бохирдол хоёр зовоодог. 

Мэдээж би монгол хоолондоо үнэхээр дуртай, сайхан хоол. Гэхдээ байнга идвэл урт наслахад хэцүү гэж боддог. Хүнд хоол шүү дээ. 

Морио унаад, шуурга сөрж адуу, малаа хариулахад идэж байсан. Харин одоо монголчууд хөдөлгөөн багатай, бүгд машин унадаг болсноор таргалалтын асуудал тулгарч байна. 

Завсарлагаатай дэглэм буюу мацаг барьснаар эрүүл явах боломжтой гэх янз бүрийн үзэл бий. Гэвч бүгд туйлын үнэн биш. Үүний араас генетикийн талаас нь тухайн хүнд таарах уу, үгүй юу зэрэг бодууштай олон асуудал бий. 

Хамгийн том асуудал нь горьгүй таргалчихсан хүмүүс Монголд дэндүү их болчихжээ. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байгаа нь ирээдүйд өвчинд өртөмтгий болгох магадлалтай.

Дээр үед баян хүн тарган цатгалан байдаг байсан бол одоо эсрэгээрээ болоод байх шиг. Аль боломжтой, аль хангалуун хүмүүсийн бие зүс нь эрүүл.

Аль болохоор хэцүү амьдралтай хүмүүс нь таргалалтын асуудалтай. Ийм сонин эсрэг тэсрэг үзэгдэл ажиглагдаж байна. 

"Монголд шинжлэх ухаан одоохондоо хэцүү. Шинжлэх ухаан гэдэг чинь мөнгө"

Агаарын бохирдлыг бага ч болтугай шийдэхгүй бол манай гуравхан сая хүн амын эрүүл мэндэд үнэхээр том асуудал болно. Эргээд ямар ч мөнгөөр эрүүл мэндээ худалдаж авах аргагүй. 

Та нар боддоо. Хамаг залуу насандаа ажиллаж хөдөлмөрлөж олсон жоохон мөнгөө монголчууд хаана үрж байна вэ? Гадаадад эмчлүүлэхээр...

Монголд шинжилгээгээ өгчхөөд гол мөнгө нь хаана царцаж байна вэ? Солонгос, Хятад, бүр боломжтой нь Японд эмчлүүлэхэд зарцуулж байна. Үүнд баян, ядуу хамаагүй.

Манай улсын эмнэлгүүд сайжрахын тулд шинжлэх ухаан хэрэгтэй. Шинжлэх ухаан бол зөвхөн номын хэдэн үг, үсэг цээжлээд явдаг зүйл биш.  

Гаднаас харахад харамсалтай нь Монголд шинжлэх ухаан одоохондоо хэцүү. Шинжлэх ухаан гэдэг чинь мөнгө.

Гэхдээ манай улс ирээдүйгүй болчихсон юм биш. Монголдоо шинжлэх ухааныг үнэхээр бахархалтай хийж байгаа эрдэмтэд бий. Харамсалтай нь улс төрчид ойлгохгүй байх шиг эсвэл ойлгох боломж ч байдаггүй юм уу, бүү мэд.

Монгол Улс хөгжвөл юухан байх вэ. Дэлхийд урдаа барьсан сайхан хангалуун амьдралтай, ёс зүйтэй, ажилсаг хүмүүстэй болох боломж бий. Одоохондоо хөлөө олохгүй байгаа ч Монгол маань сайхан болно.

 Микробын тухай...

Хүний гэдэс ходоодонд маш олон төрлийн янз бүрийн микроб бий. Өөрөөр хэлбэл надад байгаа эсүүд микробоосоо цөөн. Тэгэхээр хэн нь хэнийгээ удирдаад байна вэ гэдэг асуулт. 

Микробууд маш олон үүрэгтэй.

Тэдний ачаар бид эрүүл, хүчтэй болж, хоол хүнсээ зөв зохицуулж, шим тэжээлт витаминаа авдаг. Мөн тэднээс үүдэн бидний биед асуудал үүсдэг.

Микробуудын дунд хоорондоо бас байлдсан, амьд явах гэсэн тэмцлүүд явагддаг. Энэхүү микроб өөрчлөгдсөнөөс болоод дархлааны системд хүртэл нөлөөлж байдаг. 

Түүнчлэн бараг алга болж байсан микробыг гаргаж аваад буцаагаад өгөхөд туршилтад орсон амьтны бие дэх өвчин үүсгэх зам нь байхгүй болсон гэх судалгааны үр дүн ч бий.