Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

"СОЧИ 2014": БЯЦХАН ОХИНЫ ЗҮҮДЭН ДЭХ ОРОС ОРОН

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 8
iKon.MN

Сочигийн өвлийн олимпийн нээлтийн ажиллагаа дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдэд Оросыг баялаг сонгодог түүхтэй орон гэдгийг харуулахын дээр Оросын түүхээр аялуулж, Лев Толстойн алдарт “Дайн ба энх” романы Наташа Ростовагийн балетын цэнгүүн нээлтийн шоуны гол хэсэг байлаа.  

Оросын нэгдүгээр сувгийн ерөнхий захирал Константин Эрнст тэргүүтэй уран бүтээлийн багийн зохион байгуулсан ёслолын ажиллагаанд дуурийн дуучин Анна Нетребко, балетийн одод болох Диана Вишнева, Светлана Захарова, Владимир Васильев, Данила Корсунцев, боксчин, депутат Николай Валуев, Сергей Крикалев, Роман Романенко, Федор Юрчихин, Светлана Савицкая и Елена Серова нарын сансрын нисгэгчид, дирижер Валерий Гергиев гэсэн Оростоо төдийгүй дэлхийд алдартай хүмүүс оролцжээ. 

Олимпийн хүйтэн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд ойролцоогоор дөрвөн цагийг үдсэн үзэгчид тайзнаа тавигдсан үзүүлбэрүүдийг халуун дотноор хүлээн авч, харин Оросын шигшээ баг гарч ирэх үед үзэгчид босоогоороо хүлээн авч, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулсан байлаа. 

Олимпийн хүйтэн “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд ойролцоогоор дөрвөн цагийг үдсэн үзэгчид тайзнаа тавигдсан үзүүлбэрүүдийг халуун дотноор хүлээн авч, харин Оросын шигшээ баг гарч ирэх үед үзэгчид босоогоороо хүлээн авч, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулсан байлаа. 

Вера Мухинагийн ажилчин болон хамтралчин бүсгүйн уран баримлыг амилуулж, Оросын алдарт гурвалсан морьдыг үзэгчдийн өмнө гэрлийн шийдлээр амилуулж, ёслолын ажиллагаанд оролцсон гурван мянган жүжигчний ур чадвар нийлэн урьд өмнө Орост байгаагүй сүрлэг шоуг бүтээжээ. Уран бүтээлийн багийнхан шинэлэг санаа олныг хэрэгжүүлсэн төдийгүй балалайка, чихтэй малгай, казакууд зэрэг улиг болсон дүр зургийг энд оруулахаас татгалзсан нь зөв шийдэл байсан гэлтэй. 

Оросын тухай зүүд

"Сочи 2014" нээлтийн ёслол

Ёслолын үйл ажиллагааны гол санаа нь Орос орныг, энэ орны түүхийг янз бүрийн цаг хугацаанд зүүдлэж байгаа бяцхан охины зүүд байлаа
Фишт цэнгэлдэх хүрээлэнд Москвагийн цагаар 20:14 цагт эхлэх нээлтийн ёслолын ажиллагааг үзэхээр цаг хагасын өмнө ирсэн үзэгчид алдарт Тату хамтлагийн “Биднийг гүйцэхгүй ”/Нас не догонят/, Токио хамтлагийн “Хөгжөөн дэмжигчдийн сүлд дуу”, Дотоод хэргийн яамны найрал дууныхны дуулсан  Дафт Панкийн “Get Lucky” дууг сонсон цагийг уйдалгүй өнгөрөөжээ. 

Олныг хөгжөөх, “нүүр хагаруулах” ажлыг Оросын Телевизийн нэгдүгээр сувгийн хөтлөгч Иван Ургант, Яна Чурикова нар чадварлаг гүйцэтгэлээ. Ёслолын ажиллагаа албан ёсоор нээлтээ хийх цаг эхлэхээс хэдхэн мөчийн өмнө цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан дэлгэцүүд дээр Оросын цагаан толгой гарч эхлэв. Үсэг бүр нь дэлхийд болон Орост чухал ач холбогдол бүхий үзэгдэл, нэр байх аж. Жишээлэхэд “В” үсэг “вертолет” буюу Сикорскийн нисдэг тэрэг , “Ё” үсэг Юрий Норштейны “Ёжик в тумане” буюу “Манан дундах зараа” хэмээх алдарт хүүхэлдэйн кино, “П” үсэг “Периодическая таблица Менделеева” буюу “Менделеевийн үелэх систем”-ийг билэгджээ. 

 Жишээлэхэд “В” үсэг “вертолет” буюу Сикорскийн нисдэг тэрэг , “Ё” үсэг Юрий Норштейны “Ёжик в тумане” буюу “Манан дундах зараа” хэмээх алдарт хүүхэлдэйн кино, “П” үсэг “Периодическая таблица Менделеева” буюу “Менделеевийн үелэх систем”-ийг билэгджээ. 

Үүний дараа бяцхан охины хоолой үзэгчидтэй хүч нийлэн урвуугаар тоолж, нэгийн тоог хэлсний дараа цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр ёслолын ажиллагааны гол баатар Любовь /хайр/ нэртэй бяцхан охин гарч ирэв. Шоуны эхний хэсэг болох  Оросын өнцөг булан бүрийг билэгдсэн, тусдаа арлаар илэрхийлэгдсэн асар том дүүжин чимэглэлүүд цэнгэлдэх хүрээлэнг хөндлөн хөвж өнгөрөв. Арал тус бүр төлөөлж буй газрынхаа онцлогийг тусгасан байлаа. Урал гэхэд өндөр өндөр хус мод, талд бэлчих адуун сүрэгтэйгээр, Камчатка галт уул, Хойд Орос чулуун багануудтайгаар, Чукоткийг нохой, урц, цаа бугатайгаар дүрсэлжээ. Энэхүү арлууд дээрх амьтдыг яг л амьд мэт хөдөлгөсөн байх юм. “Үүлэн арлууд” Александр Бородины “Салхины жигүүр дээр дүүлэн нис” хэмээх хөгжмийн эгшигэн дор ийнхүү цэнгэлдэхийг хөвөн өнгөрчээ. 

Оросын түүх 

"Сочи 2014" нээлтийн ёслол

Ёслолын ажиллагааны уран сайхны хоёрдугаар хэсэг нь Оросын түүхээр аялсан хэсэг байлаа. 

Оросын төрийн далбааг мандуулж, Сретенксийн хийдийн эрэгтэй найрал дууныхан болон тамирчид Оросын төрийн дууллыг дуулснаар энэ хэсэг эхлэв. Үүний дараа Кавказын эргүүд рүү аялсан домогт усан аяллын тухай кино гарав. 

"Сочи 2014" нээлтийн ёслол

Дэлхий дахинд Оросын билэг тэмдэг гэж танигдсан алдарт гурвал морь цэнгэлдэх хүрээлэн дотор дүүлэн нисч, харин талбай дээр Славян соёлын билэг тэмдэг болсон шидэт халим “амилав”. Дундад зууны үеийн Орос орныг эртний сүм хийд, тайж ноёд, Оросын уламжлалт тоглоом, наадгай бүхий ахуйн соёлыг харуулсан “Шар тосны баяр”/Масленица/ тайзан дээр өрнөж эхлэв. 

Любовь охин ардын найр наадамд оролцон, Василий Блаженний сүмийг билэгдэн хийсэн, хийлсэн чимэглэлүүд дээш хөөрч, гэнэт л Улаан талбай дээр сүндэрлэж, Москвагийн алдарт билэг тэмдэгүүдийн нэг болсон тэр л төрхөөрөө үзэгчдийн өмнө амилах нь тэр. Үүний дараа ёслолын ажиллагааны уран сайхны дэглээчид Петр хааны үеийн Орос орны тухай үзүүлбэрийг бэлджээ. Европ руу нэвтрэх цонхыг нээсэн, Оросын тархай бутархай байдалд цэг тавьсан , Санкт-Петербург хотыг байгуулсан энэхүү агуу хаандаа ийнхүү шоуны тусгай хэсгийг зориулжээ. Петр хааны үеийн Орос орноор аялсан үзэгчид үүний дараа нь ордны Орос орны хөгжил цэцэглэлийг Лев Толстойн “Дайн ба энх” романы Наташа Ростовагийн үдэшлэгээр харав.

Сонгодог аялгуу, алдарт жүжигчдийн амилуулсан ёслол төгөлдөр цэнгүүнийг Шниткегийн хөгжим сольж, түгшүүртэй цаг мөч, хувьсгалыг дүрсэлсэн дараагийн хэсэг гарч ирэв. 

Аварга том уурын тэрэг, трактор, суулгагч, бусад механизмууд талбай дээр гарч ирлээ. Энэ үзүүлбэр дэлхий дахинаа алдартай Георгий Свиродовын “Время, вперед” хөгжимтэйгээр үзэгчдийн сонор, харцыг мялаав. Хувьсгалын араас үйлдвэржилт, ажил хөдөлмөр ундарсан шинэ Москва, шинэ орноор үзэгчид аялав. Сайхан сэтгэл, дүрэм журмын билэгдэл болсон Степа ахын дүрийг алдарт боксчин Валуев бүтээжээ. Энэ хэсэг спортын өвлийн төрлийг үзэгчдэд харуулсан тамирчид, олимпийн бурхадын шоугаар төгсөв. 

Наадам нээгдлээ 

"Сочи 2014" олимпийн нээлтийн ёслол

Наадмыг нээж Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах, “Сочи-2014” наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Ченышенко нар цэнгэлдэхэд хурсан үзэгчид, дэлхий дахинаа догдлон хүлээсэн хүмүүст хандан үг хэллээ. 

Бах үг хэлэх ээлжийг Оросын Ерөнхийлөгч Путинд шилжүүлэв. Харин Путин маш товчхноор “Сочид явагдах ХХII өвлийн олимп нээгдснийг мэдэгдэе” хэмээсэн юм. Харин Дмитрий Чернышенко “Манай Ерөнхийлөгч Владимир Путин Сочид өвлийн олимп зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд олон хүн мөрөөдөж байна гэж бодсон байх. Харин Олимпийн хороо энэ мөрөөдлийг дэмжиж бид өнөөдөр биеллээ олсон мөрөөдлийн дунд зогсож байна” хэмээн онцолжээ. 

 Дмитрий Чернышенко “Өнөөдөр биеллээ олсон мөрөөдлийн дунд зогсож байна”

Үүний дараа Олимпийн зургаан удаагийн аварга Лидия Скобликова, Олимпийн хоёр удаагийн аварга Вячеслав Фетисов, сансрын нисгэгч Валентина Терешкова, кибер уралдаанч Алан Енилеев, “Гавьяаны төлөө” медалийн эзэн сэтгүүлч Анастасия Попова нар цэнгэлдэх хүрээлэнд Олимпийн далбааг залж, Оросын дуурийн алдарт дуучин Анна Нетребко Олимпийн сүлд дууг дуулав. 

 

Үүний дараа тамирчид, дасгалжуулагчид болон шүүгчид тангараг өргөлөө. Цэнгэлдэх хүрээлэнд багахан завсарлагын дараа алдарт теннисчин Мария Шарапова олимпийн бамбарыг тавцан руу аваачиж, Олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаевад, Елена бамбарыг Олимпийн гурван удаагийн аварга Александр Карелинд дамжуулав. 

Харин түүний гараас Олимпийн аварга, уран сайхны гимнастикч Алина Кабаева авч уран гулгалтаар Олимпоос гурван удаа алтан медаль хүртсэн Ирина Роднинад дамжууллаа. 

Бамбар Олимпийн аварга, хоккейчин Владислав Третьякийн гарт очиж, Третьяк, Роднина нар олимпийн бамбарыг асаав.