Энэ жил Монголын цахим спортын тамирчид амжилтаар дүүрэн байгаа билээ.
Үүний нэг нь PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох "PUBG Mobile Global Championship 2025"-д манай улсын "Alpha Gaming" баг гуравдугаарт байрт шалгарч, 199,000 ам.долларын шагнал авсан үйл явдал байлаа.
"Alpha Gaming" багийн хувьд Хятад эзэнтэй бөгөөд энэ оны тавдугаар сард хуучнаар "4Merical Vibes" багийн тамирчдыг эгнээндээ нэгтгэснээр Монголыг төлөөлөн томоохон уралдаанд тэмцээнд оролцож эхэлсэн.
Энэ жилийн дэлхийн аваргад манай тамирчид Ази тивийн багуудын оргил амжилтыг үзүүлэв. Энэ дундаас "Alpha Gaming" багийн тамирчин TOP буюу А.Бүрэнбаяр PUBG Mobile Global Championship-2025 тэмцээний шилдэг тоглогч болсон нь онцлох үйл явдал байлаа. Түүний шилдэг тоглогчийн шагналд 88,000 ам.долларын үнэ бүхий Porsche cayenne маркийн автомашин дагалдаж байгаа аж.
А.Бүрэнбаяр нь 2020 онд PUBG MOBILE тоглоомын албан ёсны мэргэжлийн тамирчин болсон бөгөөд томоохон тэмцээнүүдийн шилдэг тоглогчоор удаа дараа тодорсон нэгэн юм.
Тэрбээр мөн адил 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч байв. Энэ үед "Stalwart esports" багийн бүрэлдэхүүнд тоглож байсан бөгөөд цахим спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болсон анхны монгол тамирчин гэдгээрээ онцлог билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!