УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцэн шийдсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хурлаар Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хөндсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “1992 оноос хойш есөн удаа УИХ-ын сонгууль болсон. Манай бүлгээс Сонгуулийн тухай хуулийг яаж зөв зүйтэй болгох вэ гэдэг дээр анхаарч ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж байна. Бид ард иргэдийн санаа бодлыг тусгасан, луйвар булхайгүй, бага зардлаар сонгууль явуулдаг болох боломжуудыг судалж байна.
Бидний хувьд сонгуулийн тойргийн шударга байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эрх барьж байгаа нам өөртөө зориулж тойрог зурдаг, сонгуулийн тогтолцоог өөрчилдөг байдлыг засах шаардлагатай. Та бүхэн хэрэв санаж байгаа бол “Базарсадын гутал” гэдэг тойрог байсан. Мөн Увс аймагт хонины нэхийний хэлбэртэй тойрог байсан.
Ер нь сонгуулийн тогтолцоо, тойргийг ганц хоёрхон сарын өмнө бус 2-3 жилийн өмнө хуульдаа тодорхой тусгая гэж байгаа юм. Тиймээс парламентад суудалтай намуудтай зарчмаа тогтоод, ирэх хаврын чуулганаар хуулиа батлах ёстой.
Ингэхдээ сонгогчдын санал өгөх боломжийг өргөжүүлэх ёстой. Амьдардаг газраасаа өөр газар ажилладаг хүнийг тухайн хаягийнхаа дагуу санал өгөх боломжоор хангах ёстой. Тэгэхгүй бол огт мэдэхгүй хүний төлөө санал өгөх эсвэл огт санал өгөхгүй үлдэх нөхцөл байдал бий.
Дээрээс нь Монголчууд дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч байна. Гадаад байгаа монголчууд маань саналаа өгдөг байх боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг.
Ингээд ойрын хугацаанд дээрх нөхцөл байдлуудыг бүрэн тусгасан хуулийн төслийг боловсруулаад өргөн барина. Ингэснээр УИХ-ын сонгуулийн тухай хууль гурван жилийн өмнө тов тодорхой болсон байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!