Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гурвал морины нэг нь л хоёр тонн жинтэй байжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мянга мянган хүний хичээл зүтгэлээр боссон Сочи -2014 өвлийн олимпийн нээлтийн  ажиллагаа дэлхийн сая сая үзэгчдийг бишрүүлж чадлаа.

Мэдээж хэрэг нарийн чимэглэлүүдийг бүтээсэн шинэлэг технологи үүнд томоохон үүрэг гүйцэтгэсэн. ХХII дугаар өвлийн олимпийг нээсэн олон улсын баг нэг нэгэндээ хандан англи, оросоор мэндчилгээ дэвшүүлж, өнөө өглөөнөөс эхлээд л дэлхийн хэвлэл мэдээллийнхэн энэ нээлтийн ажиллагааг технологиор “зодсон” гайхамшигт үзүүлбэр байлаа хэмээн дуу нэгтэйгээр биширцгээж байв. 

Чимэглэлүүдийг хөдөлгөсөн, янз бүрийн хөдөлгөөнтэй системүүдийг ашиглан ийм гайхалтай шоу хийсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Орос улс анхных нь боллоо.

"Дээд механикийн үүднээс өөрөөр хэлбэл чимэглэлүүдийг хөдөлгөсөн, янз бүрийн хөдөлгөөнтэй системүүдийг ашиглан ийм гайхалтай шоу хийсэн тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Орос улс анхных нь боллоо” хэмээн Сочи -2014 өвлийн олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны ерөнхий продюсер Константин Эрнст онцолжээ.

Үнэхээр ч нүсэр, байж боломгүй гэмээр ер бусын үзүүлбэрүүдээр үзэгчдийн харааг булааж, 80 чимэглэлийг цэнгэлдэхийн дээгүүр нисгэж байлаа. Орос орныг зүүдлэсэн гэгдэх ёслолын ажиллагааны гол баатар бяцхан охиныг ч тээр дээр өндөрт нисгэж орхив. Охиныг “нисгэхэд” татсан олс, хамгаалалтын хэрэгслүүд нь харагдах ёстой хэдий ч хамгийн хараа сайтай үзэгч ч охины хамгаалалтын олс, чихэн дэх чихэвчийг нь анзаарсангүй. Сонирхуулахад Любовь хэмээх охины дүрийг хоёр охин бүтээжээ.

Хайр охин

Харин үзэгчид огт анзаараагүй байна. Охид эгч дүүс биш, өөр өөр хотод амьдардаг, Сочид болсон бэлтгэл ажлын үеэр танилцацгаажээ. Охид хөтөлбөрийг хоёр хувааж, нэг нэгээрээ гарчээ. Лиза охин  агаарын хэсэгт нь байсан бол Кристина тайзан дээрх хэсэгт нь тоглосон гэнэ. Ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүсийг удирдахын тулд бүгдэд нь хяналтын чихэвч зүүж өгчээ, үүгээр нь найруулагч, бүжиг дэглээчид удирдаж байсан аж.

Цэнгэлдэхд хөвөх чимэглэлүүдийг тусгай чиглүүлэгч ашиглан хөдөлгөсөн бол Оросын алдарт гурвал морь нь Оросын түүхэн дэх хамгийн том нь байсан гэнэ. Хөнгөн цагаанаар хийсэн нэг морь нь гэхэд л ойролцоогоор хоёр тонн байжээ

“Хөвөх” чимэглэлүүдийг нисгэхийн тулд 4км дүүжин чиглүүлэгч, 25 лифт, 20 люк ашигласан байна. Мөн тайзны чимэглэлүүдийг хөдөлгөхийн тулд тусгай гараж, хонгилуудыг тоноглосон тухай ёслолын ажиллагааны ерөнхий зураач Георгий Цыпин өгүүлжээ.

Цэнгэлдэх хүрээлэн нарийн хийцтэй тул баригдах үед багагүй хүндрэл гарч байлаа. Тиймдээ ч ёслолын ажиллагаанд оролцсон жүжигчдэд бэлтгэл хийх цаг хомс байжээ. Гэхдээ л тэд Оросын сүр хүчийг илтгэн, өөрсдийн ур чадвараар дэлхий нийтийг бишрүүлж чадлаа. “Ёслолын ажиллагаа, шоу нь өөрөө шинэ Оросын тухай өгүүлж байгаа. Бид эх орноо дэлхий нийтэд харуулж чадсан. Оросд таагүй ханддаг байсан хүмүүсийн хүйтэн зүрхийг гэсгээж чадсан гэж би найдаж байна” хэмээн нээлтийн ёслолын ажиллагааны ерөнхий продюсер Константин Эрнст өгүүлжээ.