ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхбаатар: Өнөөдрийн байдлаар 32 мянга гаруй тонн хагас коксон түлшний нөөцтэй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "Өнөөдрийн байдлаар борлуулалтын 425 цэгээр хагас коксон түлш борлуулж байгаа бөгөөд 32,170 тонны нөөцтэй байна. 

Нийслэл хотод 15-100 кВт-ын зуухтай нийтийн байр, дугуй засвар, хүнсний дэлгүүр зэрэг 2,306 байгууллага байгаа бол 100-4,200 кВт-ын зуухтай арьс шир, хөөсөнцрийн үйлдвэр, сургууль, цэцэрлэг, цэргийн анги зэрэг 213 байгууллага бий.

Харин 4,200 кВт-аас ДЦС 2, ДЦС 3, ДЦС 4, Амгалан ДЦС, Багануур, Налайхын ДЦС үйл ажиллагаа явуулж байна.

2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 526 аж ахуйн нэгж, байгууллага “Тавантолгой түлш” ХХК-аас 24,382 тонн миддлинг худалдан авсан.

Мөн өнөөдрийн байдлаар сууц дулаалгын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал энэ онд 3,361 байшин, 1,468 гэрийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. Хийн халаагуурт шилжүүлэх ажил эхэлсэн" гэлээ.

Өнөөдөр 10:45 цагийн байдлаар нийслэл хотын ихэнх байршлуудад агаар бохир байгаагаас Баянхошуунд PM 2.5 тоосонцор маш их байна.