Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Энэ талаар Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын дарга Н.Отгонбаяр “Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 214 айлын 8,495 малыг нүүлгэн шилжүүлсэн.
Одоогийн байдлаар 157 айлын 3,300 мал нийслэлийн хориглосон бүсэд байна. Давхардсан тоогоор нийслэлийн хориглосон бүсэд 12,500 мал орж ирсэн. Нийт 145 иргэнд 145 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийслэлийн хориглосон бүс рүү адуу ихээр орж ирж байна. Үүний зэрэгцээ авто замын арчилгаанд цацагдаж буй давсанд хужирссан мал хотын төв рүү нэвтэрч байна. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас сэргийлж нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа гаргахыг уриалж байна” гэлээ.
Түүний мэдээлснээр нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах явцад шаардлагыг биелүүлэхгүй болон торгууль барагдуулахгүй нөхцөл үүсжээ. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутагт нэр бүхий иргэний эзэмшлийн 40 хэсэг 300 адуу, зуслангийн бүс, Чингэлтэй, Зүрх хайрхан орчмоос 20 орчим хэсэг 400 адууг гаргахгүй, шаардлага биелүүлэхгүй байгаа нь хүндрэл учруулж байгаа аж.
Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгодог байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!