Улаанбаатар хотод хотын төвийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр, алсын гурван дүүргийн суурьшлын бүс, Богд уул орчимд мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг.
Сүүлийн үед эдгээр хориглосон бүс, хотын төвийн хэсгээр адуу мал бэлчиж байгаа талаар иргэдээс гомдол ирүүлжээ. Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгоно.
2025 оны эхний арван сарын байдлаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс давхардсан тоогоор 8,762 толгой мал гаргаж, хориглосон бүсэд суурин малтай өрхөд 108 зөвлөмж, 57 мэдэгдэл, таван шаардлага хүргүүлжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!