Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Липницкая болон Олимпийн хамгийн залуу 10 аварга

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ердөө 15- хан настай Юлияг Орос гүрний хүсэн хүлээсэн алтан медалийг авчирч, Оросууд мөсөн талбайн эзэд гэдгээ дахин батлах боломжийг өгчихнө гэхэд Олимп эхлэхээс өмнө нэг их хүн итгэхгүй байсан биз.

Гэвч үзэгчдийн уухай, уран чадварыг нь бахдсан бахдал дунд Юлия Липницкая багийн тэмцээнд Олимпийн аварга болж, зөвхөн оросуудыг төдийгүй дэлхий дахиныг шагшруулж чадлаа.

Түүний талаар амтай болгон шагшиж, тэр бүү хэл гадны хэвлэлийнхэн атаархсан өнгө аяс цухалзуулан, “Олимпод оролцох насны босгыг өндөрсгөвөл яасан юм?” гэсэн санааг нийтлэлээрээ дамжуулан илэрхийлж харагдсан.

Өрсөлдөгчид атаархтал, дэлхий нийт биширсэндээ нулимсаа нууж чадахааргүй болгосон Юлия Липницкая хоёрдугаар сарын есний өдөр багийн тэмцээний үеэр бие даасан үзүүлбэрээрээ 141.51 оноо авсан бол өмнөх өдөр нь ч богино хэмжээний хөтөлбөрт ялалт байгуулаад байсан юм. Ингэснээр тэрбээр багтаа хамгийн дээд оноо буюу 20 оноог авчирснаар итгэл төгс ялалт байгуулах боломжийг өгчээ.

Ийнхүү Оросын төдийгүй дэлхийн бахархал болсон Юлия Липницкая өнөөдөр олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Шалтгаан нь тэр “балчир”, ердөө 15-хан настай. Олимпийн түүхэнд бага насандаа аварга болж байсан цөөнгүй тамирчин бий.

Ингээд та бүхэнд олимпийн түүхэн дэх хамгийн залуу 10 медальтныг танилцуулъя. 

1. Марсель Депайе
Олимпийн түүхэн дэх хамгийн залуу аварга бол Марсель Депайе.  Тэрбээр  1900 онд Голландын багийн завиар сэлэлтийн төрөлд  шигшээ багийн бүрэлдэхүүнд орж алтан медаль авчээ. Тухайн үед Марсель хэдэн настай байсан тухай яв цав мэдээлэл байдаггүй. Харин түүхчид түүнийг 10 настай байсан гэж үздэг байна. 

2. Димитриос Лундрас
Грекийн гимнастикч Димитриос Лундрас ердөө 10 нас найман сартай байхдаа тулгуурт харайлтын төрөлд хүрэл медаль авч байжээ. 

3. Ким Юн Ми
Өвлийн олимпийн түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй тамирчин бол Солонгосын Ким Юн Мин. Тэрбээр 1994 онд 13 настайдаа шорт трекийн тэмцээнд 3000 метрийн зайнд түрүүлж байжээ. 

Америкийн Маржори Герстринг

4. Маржори Гестринг

Өвлийн Олимпийн хамгийн залуу тамирчин нь Солонгосынх бол Зуны олимпийн түүхэн дэх хамгийн залуу тамирчин бол Америкийн Маржори Герстринг охин. Маржори 1936 оны Берлиний олимпийн үеэр  онд 13 настайдаа трамплинаас үсрэлтийн төрөлд алтан медаль хүртжээ. 

5. Рута Мейлутите

2012 онд Лондон хотноо болсон Олимпийн хамгийн залуу аваргаар Литва улсын Руту Мейлутите охин тодорчээ. Тэрбээр 15 настайдаа 100 метрийн сэлэлтийн төрөлд алтан медаль авсны дээр Европын дээд амжилтыг тогтоож байсан гэнэ. 

Америкийн уран гулгагч Сара Хьюз

6. Сара Хьюз

Америкийн уран гулгагч Сара Хьюз 2002 оны Солт Лейк Ситигийн олимпод ялалт байгуулж, аварга болжээ. Сара тухайн үед 16 настай байсан гэнэ. 

Румыны тамирчин Надя Команечи

7. Надя Команечи

Румыны тамирчин Надя Команечи бол Спортын гимнастикийн төрөлд Олимпийн таван удаагийн аварга. Тэрбээр 1976 онд 15 настайдаа Монреалийн олимпоор гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл гээд таван медаль хүртэж байжээ. 

Америкийн тамирчин Жордин Вибер

8. Жордин Вибер

Америкийн тамирчин охин Жордин Вибер 2012 оны Лондонгийн зуны олимпийн үеэр 17 настайдаа алтан медалийн эзэн болжээ. 

Украины гимнастикч Татьяна Гуцу

9. Татьяна Гуцу

Зөвлөлтийн болон Украины гимнастикч Татьяна Гуцу Олимпийн наадмын хоёр удаагийн шагналт, дэлхийн болон Европын аварга тамирчин. Тэрбээр 15 настайдаа 1992 оны Барселоны олимпоос хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль гэсэн нийтдээ дөрвөн медаль хүртэж байжээ.

Данийн тамирчин Инге Сёренсен 12 настайдаа

10. Инге Сёренсен 
1936 оны Берлиний олимпоос Данийн тамирчин Инге Сёренсен 12 настайдаа хүрэл медаль авч байжээ.