Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сочигийн олимпийн медаль гардуулах ёслолд онцгой анхаарч байна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Олимпийн түүхэнд анх удаа аваргууд болон шагналтнуудын медалиудыг Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн төвд байрлах Баяр ёслол, шагналын тусгайлсан талбай дээр гардуулахаар зохион байгуулагчид төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Тодруулбал шувтаргын тэмцээн болж дууссаны дараа Цэцэгт ёслолын ажиллагааны хүрээнд Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд шагнал гардуулах гэнэ.

Энэ ажиллагаанд 120 бүсгүй оролцох бөгөөд тэднийг нарийн шалгуураар шигшиж авчээ. 

Ялалтыг илтгэсэн, тусгайлан зохиосон хөгжим, үндэсний хувцас, “Сочи 2014” медалиуд болон гайхамшигт цэцгийн баглаанууд Сочид зохиогдож буй олимпийн наадмын найрсаг, зочломтгой байдлыг илтгэнэ хэмээн Олимпийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. 

Медаль гардуулах ёслолын ажиллагаа

Шагнал гардуулах ажиллагаа нь хоёрдугаар сарын наймнаас 22-ны өдөр явагдах юм байна

Олимпийн медалиудын ихэнхийг шувтаргын тэмцээн болсны дараа эсвэл маргааш орой нь Баяр ёслол, шагналын талбай \Medals Plaza\-д гардуулна.

Шагнал гардуулах энэхүү ажиллагаа нь хоёрдугаар сарын наймнаас 22-ны өдөр явагдах юм байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Олимпийн аварга болон шагналтнуудад цэцгийн баглаа, медалийг ёслол төгөлдөр гардуулж, ялагч болон шагналт байранд орсон тамирчдын орны төрийн далбааг мандуулж, ялагч орны сүлд дууллыг эгшиглүүлнэ. Түүнчлэн үдэш бүр Medals Plaza-д 20000 гаруй зочин хүлээж авах гэнэ

Цэцэгт ёслолын ажиллагаа 

Шувтаргын тэмцээн болсны дараа спортын объектууд дээр цэцэгт ёслолын ажиллагаа болох юм. Объект тус бүр дээр ёслолын ажиллагааг 9-33 бүсгүйн бүрэлдэхүүнтэй шагналын баг зохион байгуулах юм байна.

Шагналын багийн гишүүдийг тусгайлан бүжгийн хичээлд хамруулж дээд зэрэглэлийн стилист, нүүр будагч нар тэдний дүр төрхөнд анхаарч байгаа гэнэ. Түүнчлэн ёслолын ажиллагаанд оролцох бүх бүсгүйчүүдэд нүүр будалтын хичээл мөн медальтай тавиурыг хэрхэн зөв барьж зөөх ёстой талаар хичээл оржээ.

 Шагнал гардуулах ажиллагаанд оролцох бүсгүйчүүдийг Сочи хотын оршин суугчдаас сонгон шалгаруулж авсан гэнэ. Ёслолын ажиллагаанд гардуулах цэцгийн баглаа нь амралт жуулчлалын хот болсон Сочигийн өнгө төрхийг билэгдэж байгаа гэнэ.

Зөвхөн чимэглэлийн зориулалтаас гадна эмчилгээний ашиг тустай Алтан харганы шар өнгө нь Краснодарск мужийн баялгийг илтгэж байгаа бол ногоон болон цагаан удвал цэцэг нь Хар тэнгисийн эрэг дагуу уул талаар бэлчих мал сүргийг илтгэж, харин ялагчийн билэг тэмдэг болдог лавр нь  Кавказ ард түмний чин сэтгэл, зочломтгой байдлыг илтгэж байгаа гэнэ. Ёслолын ажиллагааны үеэр эгшиглэх хөгжмийг мөн Сочигийн олимпод зориулан тусгайлан зохиожээ. 

Шоу хөтөлбөр 

Ёслолын ажиллагааны өмнө болон дараа нь Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн төвд хөгжмийн шоу хөтөлбөр болох юм байна. Энэ хөтөлбөрт Токио, Шөнийн мэргэн буудагчид, Brainstorm, Чичерина, e-type, Би-2  зэрэг Оросын болон гадаадын алдарт хамтлаг дуучид оролцох бөгөөд тоглолт үнэн төлбөргүй болох гэнэ.